Нэр дэвшигчид хууль зөрчсөн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно

УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд нэр дэвшигчдийн сурталчилгаа хүчээ авч, тэр хэрээрээ янз бүрийн асуудал үүсэх болсон. Тэгвэл сонгуулийн эргэн тойрон дахь асуудлаар Сонгуулийн Ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Сонгууль болоход тав, зургаахан хоногийн хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд нэр дэвшигчид сурталчилгаагаа ид хийж байна. Тэгвэл ойрын өдрүүдэд СЕХ-нд хэр их гомдол ирж байгаа вэ?

-СЕХ нэр дэвшигчдийн хууль зөрчсөн асуудлыг хянаж, шийдвэрлэх байгууллага биш. Нэр дэвшигчидтэй холбоотой санал гомдлыг цагдаа, шүүхийн байгууллага л хянаж, шийдвэрлэх үүрэгтэй. Хэрвээ цагдаад ямар нэгэн гомдол ирээд, түүнийг шалгаад, шүүхээр буруутай нь тогтоогдвол дараа дараачийн арга хэмжээг бид авах ёстой. Бидний хувьд цагдаагийн байгууллагатай тодорхой хэмжээнд хамтарч ажиллаж, мэдээ мэдээлэл авч байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 700 орчим гомдол санал ирсэн гэсэн. Харин СЕХ-ны хувьд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг хүлээн авч, шийдвэрлэнэ. Энэ талаар гомдол цөөнгүй ирсэн. Гэхдээ зарим хүмүүс сонгуулийн хуулиа буруу ойлгосноос болж гаргасан гомдлууд цөөнгүй байгаа.

-Саналын хуудсыг хэвлээд, бэлэн болгосон байгаа юу?

-УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлээд, аймаг, сум, орон нутаг руу хүргүүлчихсэн байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод сонгуультай холбоотой бүхэн бага зэрэг хойшилсон шүү дээ. Бид хэдийгээр богино хугацаанд саналын хуудсыг хэвлэсэн ч ямар ч байсан цагтаа амжсан.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Н.Бүргэдаа нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан. Саналын хуудас хэвлэгдсэний дараа түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан учраас сонгогчдыг мэдээ мэдээллээр хангах ёстой байх?

-МАХН-аас УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшсэн Н.Бүргэдааг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан. Түүнийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх заалтыг зөрчсөн гэдгийг шүүх тогтоосон. Тодруулбал, иргэдийн саналыг татах зорилгоор ажилд оруулж өгнө, ажлын байраар хангана гэсэн амлалт өгсөн юм билээ. Нэгэнт хууль хяналтын байгууллагаас шалгаад, шүүхээс буруутайг баталсан.  Шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болж, нэр дэвшигчийн жагсаалтаас хассан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөрчил гаргасан гэдгийг шүүхээс тогтоосон тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассаныг нийтэд мэдээлэх ёстой байдаг. СЕХ-ны 2016 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар тогтоолоор нэр дэвшигч Н.Бүргэдааг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлсэн байгаа. Саналын хуудас хэвлэгдэж дууссаны дараа энэ хүнийг нэрийн жагсаалтаас хассан. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйл дээр үүсэх үр дагаварын тухай нарийн заасан байгаа. Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэрийн жагсаалтаас хасагдах юм бол тухайн нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтад тооцохгүйгээр дүнг гаргах ёстой гэж заасан.

-Зарим хүмүүс мэдээлэл муу авснаас болоод Н.Бүргэдааг дугуйлах тохиолдол гарч болох юм. Тэгвэл саналын хуудас хүчингүй болно шүү дээ. Тэгэхээр мэдээллийг маш сайн түгээх ёстой юм байна?

-Сонгуулийн Ерөнхий хорооноос нийтэд мэдээлнэ гэж хуульчилсан чинь энэ үр дагаварыг арилгахад чиглэсэн зүйл. Дээрээс нь аймгийн сонгуулийн хороо сонгогчдоо “Саналын хуудсан дээр энэ бичигдсэн байгаа. Гэвч энэ хүн шүүхийн ийм шийдвэрээр хасагдсан. Нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл таны санал хүчингүй болно шүү” хэмээн нийтэд мэдээлэл өгөх ёстой. Энэ ажлаа ч одоо хийгээд явж байгаа.

-Зарим хүмүүсийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах гэж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?

-Мэдээлэл гарч байна гэдэг тогтоочихсон гэсэн үг биш шүү дээ. СЕХ шүүхийн шийдвэрийг үндэслэх ёстой. Мөн тэр шүүхийн шийдвэр нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсон байна уу гэдгийг харна. Тийм мэдээлэл байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бүх зүйлийг шалгах ёстой газар нь шалгаад, хуулийн байгууллага хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой гэдгийг би хэлсэн. Гэхдээ сурталчилгаатай холбоотой гомдол гарч байна гэдэг чинь цаанаа нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл байна гэдгийг хэлээд байгаа юм. Гэхдээ тийм гомдлыг хуулийн байгууллага юуны өмнө шалгах ёстой. Цаашлаад шүүхээр тогтоогдох ёстой юм. Түүний дараа СЕХ асуудлаа шийдээд явна.

-“Царцааны нүүдэл” гээд яриад байна. Олон иргэнийг Улаанбаатар хотоос аймгууд руу шилжүүлж байгаа асуудал. Энэ тал дээр СЕХ тодорхой хэмжээнд анхаарал тавьж ажиллаж байгаа байх?

-Юуны өмнө нэг зүйлийг хэлэхэд, шилжүүлэг хийлгэх нь тухайн сонгогчийн эрх. Харин энэ асуудал дээр нэг зүйлийг хянаж үзэж байгаа юм. Сонгогчийг бөөнөөр нь шилжүүлж байгаагийн цаана санал татах зорилготой хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Нэгдүгээрт, энэ асуудлыг шалгаж тогтоох ёстой. Тогтоодог  байгууллага нь СЕХ биш. Гэхдээ СЕХ энэ асуудалд анхаарал тавихгүй, зүгээр хараад суугаад байна гэсэн юм байхгүй. СЕХ-ноос Иргэний бүртгэлийн байгууллага руу албан бичиг явуулсан байгаа. Сонгуулийн тухай хууль, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын   баталсан сонгогчийн шилжилттэй холбоотой журмаар бол ямар нэгэн итгэмжлэлээр сонгогчийн шилжилтийг хийнэ гэсэн зохицуулалт байхгүй. Харин бодит амьдрал дээр гэр бүлийнх нь нэг хүн ирэх боломжгүй тохиолдолд хэн нэгэн нь тухайн хүнээ төлөөлөөд, итгэмжлэлийг нь өгөөд, шилжилтээ хийлгэх боломжтой. Гэвч үүнийг дагаад нэг хүн нэлээд олон хүнийг итгэмжлэлээр төлөөлөөд сонгогчийн шилжилтийг хийлгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 40, 50 хүн нэг л хүнд итгэмжлэл олгочихсон. Өнөөх нь бүгдийнх нь шилжилтийг хийлгэх гээд байдаг. Нэгэнт хуулиар итгэмжлэлээр төлөөлж сонгогчийн шилжилтийг хийнэ гэдгийг зөвшөөрөөгүй учраас нэг хүн олон хүнийг итгэмжлэлээр төлөөлж байгаа тохиолдолд шилжүүлэг хийх боломжгүй гэдгийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн.

-Сурталчилгааны самбар­тай холбоотой янз бүрийн санал гомдол бас гараад байгаа. Зарим нэр дэвшигч том самбар ашиглаад байгаа талаар яригдаж л бйана. Энэ тал дээр тодорхой тайлбар хийгээч?

-Хууль зөрчсөн үйлдэл мөн үү, биш үү гэдгийг СЕХ тогтоохгүй гэдгийг би дахиад хэлье. Сонгуулийн тухай хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр, бизнесийн зориулалтаар байнга ашигладаг сурталчилгааны самбарыг сонгуулийн сурталчилгаанд ямар нэг байдлаар ашиглахгүй гэж заасан байгаа.  Тэр санал, гомдол дагуулаад байгаа самбар нь бизнесийн зориулалтаар байнга ашиглагдаж байсан юм уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаад, тогтооно гэсэн үг.

-Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд байна. Гэтэл сонгууль өгөхгүй гэх иргэд цөөнгүй байгаа мэдээлэл гарч байгаа. Тэгвэл СЕХ-ноос иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Нэгдүгээрт, сонгогчдыг мэдээллээр хангах тал дээр нэлээд ажил зохион байгуулж байна. Мэдээллээр хангах бол сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахад хамгийн их үр нөлөөтэй ажил. Тийм болохоор СЕХ –ноос  http://songogch.songuuli.gov.mn веб сайт ажиллуулж байгаа. Тэр сайтаараа дамжуулж 76 тойрогт нэр дэвшч байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэж байна. Мөн дээрээс нь санал авах байрны байршлууад байгаа. Тухайн сонгогч өөрийнхөө амьдарч байгаа хэсгийнхээ сонгогч мөн үү гэдгийг ч мэдэх боломжтой. Сонгуультай холбоотой зохион байгуулалтын бүхий л шаардагдах мэдээллийг энэ сайт дээр байршуулсан. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгаануудыг явуулж байна. Дээрээс нь иргэдэд  Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ТББ-тай ч хамтарч ажиллаж, сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалах чиглэлийн ажлыг ч хийж байна.

-Сонгогчид сонгууль өгөхдөө юуг анхаарах талаар мэдээлэл өгөөч?

-СЕХ-ноос баталсан загварын дагуу саналын хуудсыг хэвлүүлж дууссан байгаа. Саналын хуудас хоёр хэсгээс бүрдэж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох хэсэг. Доод талд нь аймгийн юм уу нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг сонгох хэсэг байж байгаа. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороод, нэг тойрогт нэг мандаттай болсон. Өөрөөр хэлбэл, сонгогчид маань УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бөглөх хэсэгт зөвхөн нэг л дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлна. Нэгээс илүүг дугуйлчихвал саналын хуудас хүчингүй болно. Харин нийслэл болон аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчийн тухайд бол тухайн тойрогт хэдэн мандат олгогдсон байна тэр тоогоор нь дугуйлж болно. Эсвэл мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийж бас болно шүү дээ. Иргэдийн хурлын сонгуульд гурван мандаттай тойрог байлаа гэж бодъё. Гэтэл тэр тойрогт дэмжихийг хүссэн нэг л нэр дэвшигч байвал түүнийгээ л дугуйлчихаж болно. Өмнө нь энэ тохиолдолд хүчингүй болдог байсан бол одоо тийм биш. Нэг санал чинь тоологдоод л явна. Эсвэл гурван мандаттай байгаа тойрогт гурван хүний нэрийг ч дугуйлж болно гэсэн үг.  Магадгүй сонгогчид алдаа гаргаад, илүү тэмдэглэгээ хийчихлээ гэсэн тохиолдолд санал авах байрны ахлах зохион байгуулагчид энэ тухай мэдэгдээд, дахин нэг удаа саналын хуудас авах боломжтой.

-Хяналтын тооллого хийхээр хуулинд заасан байгаа. Тэгвэл хяналтын тооллого хийхэд оролцох төлөөллийг ямар байдлаар сонгох юм бол. Энэ асуудалд СЕХ оролцоно биз дээ?

-Сонгуулийн тухай хууль заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод нь санал хураалт дууссанаас хойш 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Саналын хуудасны 50 хүртэлх хувьд нь техникийн тооллого хийх юм. СЕХ-ны 2016 оны зургадугаар сарын 21-ний хуралдаанаар техникийн тооллого хийх тухай журмыг баталсан.  Маш нарийн, нарийвчилсан журмыг баталж өгсөн. Журамд заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод нь санал хураалт дууссанаас хойш харьяа хэсгүүдээсээ 50 хүртэлх хувийн саналыг сонгоод, тоолно. Яг хэдэн хувьд нь хяналтын тооллого хийхийг сум, дүүргийн сонгуулийн хороо өөрсдөө шийдэх ёстой. Хуулиар олгосон эрх нь энэ. Тэгэхдээ сонгосон хэсгүүд дотроо аль аль дээр нь хяналтын тооллого хийх вэ гэдгээ СЕХ биш нам, эвслийн ажиглагчид өөрсдөө шийднэ. СЕХ үүнд оролцохгүй. Нам, эвслийн ажиглагчид өөрсдөө зөвшилцөж байгаад, сугалааны зарчмаар сонгоод л, хяналтын тооллогоо хийнэ. СЕХ-ноос санал авах байруудын дугаарыг хайрцаганд хийгээд бэлтгэчихнэ. Тэр дундаас сугалах ажиллагааг нам, эвслийн ажиглагчид өөрсдөө  хийх юм.

-Цахим ертөнцөд янз бүрийн сурталчилгаа гарч байгаа. Бусдын нэр хүндэд халдах ч тохиолдол гарч байна гэсэн мэдээллүүд гарч эхэлсэн. Энэ асуудлыг СЕХ хянаж чадаж байна уу?

-Энэ асуудлыг интернэт орчинд сонгуулийн сурталчилгааг хийх гээд Сонгуулийн тухай хуулинд заагаад өгчихсөн байгаа. Дээрээс нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа бусыг гүтгэх, доромжлохыг хуулиар хориглосон байгаа шүү дээ. Хэрвээ хэн нэгнийг гүтгэж, доромжилвол Сонгуулийн тухай хуулиар зөрчилд тооцогдоно. Зөрчлийг хэн хянаж, шийдвэрлэх вэ гэхээр буцаад цагдаагийн байгууллага орчихно. Ер нь сонгуулийн сурталчилгаа аль ч хэлбэрээр явагдаж байсан ч бусдыг гүтгэж, доромжилсон мэдээлэл байвал цагдаагийн байгууллагад гомдлоо гаргана. Цагдаагийн байгууллага шалгаад, шүүх тогтоох юм. Энэ асуудалд хяналт тавих боломжгүй гэсэн зүйл биш. Бид хүрээ хүрээндээ, үүрэг үүргийнхээ дагуу хянаад л явж байгаа. Хэрвээ нэр нэр дэвшигч нөгөөгөө доромжилж байна гэж үзвэл баримтжуулаад, цагдаагийн байгууллагад гомдлоо гаргах бүрэн боломжтой.  

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus