Өнөөдөр олон улсын олимпийн өдөр тохиож байна
1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан юм. 

Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. 

Манай улсын хувьд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн бөгөөд өнөөдөр МҮОХ-ны гадна талбайд  олимпт зориулсан “Бөртэ Чоно” хөшөөний нээлтийг хийхээр төлөвлөжээ. 

Олимпийн таван цагаригийн доор эвлэлдэн нэгдэж чадсан хүн төрөлхтөн одоо ч энх тайвны бэлгэ тэмдэг болсон олимпийн талбарт шударгаар өрсөлдсөөр байна. Тэднийг Спорт гэж аугаа ертөнц нэгтгэдэг юм. Түүхэндээ анх удаа 44 жилийн дараа 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас анхны олимпийн аваргаа өлгийдөн авсан Монголчуудыг Спорт хэмээх гайхамшиг ертөнц эвлэрүүлэн нэгтгэсэн юм.   
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus