Т.Өэлүн: Иог бол амьдралын зөв хэв маяг, сэтгэлийн амар амгалан
Leela Thai Yoga Төвийн үүсгэн байгуулагч Төрмандахын Өэлүнтэй ярилцлаа.

-Монголд анх удаа иогийн клип хийсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай иогийн төвийн хамт олон, хамтрагч багш нар сүүлийн  гурван сарын хугацаанд аялах амрах, ажиллах явцдаа бага багаар богино хэмжээний бичлэг хийж байсан. Эдгээр бичлэгүүдээ нэгтгээд энэ  сарын 21-нд Олон Улсын иогийн өдөр олон нийтэд цацсан.

-Энэ клипээрээ та бүхэн дамжуулан хүмүүст ямар ойлголт өгөхийг хүссэн бэ?

-Иогийн талаархи маш олон ойлголтууд хүмүүсийн дунд байдаг. Энэхүү  видеогоор залуучуудад иог гэдэг нь  чухам ямар зүйл вэ гэдгийг харуулахыг зорьсон. Иог бол амьдралын зөв хэв маяг, эрүүл мэнд , дасгал хөдөлгөөн, сэтгэлийн амар амгалан байдал. Мөн өөрийн аз жаргалыг олох нэгэн зам юм шүү гэдгийг ойлгуулахын тулд бага зэрэг хөгжилтэй байдлаар орчин үеийн залуусын сонирхдог хөгжмийн дуунд клипээр дамжуулан Монголд иог хэрхэн хөгжиж байгаа болон эх орныхоо орны түүхэн газар, үзэсгэлэнт байгалийг таниулахыг хүссэн. Мөн бусад орны иог сонирхогчидод  харуулах үүднээс аль болох олон газруудад бичлэгээ авахуулахыг хичээсэн.

 –Таны хувьд хэдэн жил иогийн багшаар ажиллаж байна вэ?

-Миний хувьд “Эрүүл амьдралын менежмент” ба иогийн багшийн сургалтанд Тайланд улсад дөрвөн жил суралцаж төгссөн. Тайланчууд аз жаргалтай, стрессгүй амьдралын хэв маягыг бий болгосон хүмүүс. Тэдгээрийг чухам яаж тийм амар амгалан аж төрж байгаа талаар судалсан. Ингээд тэнд сурч, мэдсэнээ эх орон, ард түмэндээ хэрэгтэй байдлаар түгээх үүднээс Leela Thai Yoga & SPA гэдэг нэрээр өөрийн төвөө нэсээн. Манай төв 2012 онд байгуулж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Хатха, аштанга, халуун иога, агаарын иога гэх олон төрлөөр гишүүдийн иога сургалт явуулахаас гадна иогийн багш бэлтгэх сургалт, Тайландын уламжлалт массажны сургалтыг явуулдагаараа онцлогтой.



- Сүүлийн үед иог сонирхдог хүмүүс маш олон болсон байна. Ер нь иог хийх нь ямар ач тустай вэ?

- Анх завгүй амьдралын хэв маягаас өөртөө зориулаад багахан цаг хугацаанг иогоор хичээллэхийг бид гишүүдээс гуйдаг байсан. Харин одоо эсрэгээрээ хүмүүс өөрсдөө иогийн төвийг зорин ирэх нь ихэссэн. Энэ нь хүмүүс өөрийгөө дотроосоо сонсож зөв амьдралын хэв маягт шилжиж, эргээд байгаль эхтэйгээ ойр оршиж эхэлэж  байгааг харуулж байна. Иог нь хүний бие, оюун санаа, сэтгэл хөдлөл болон энергийн бүх түвшинд хүрч үйлчилдэг учир амьдралын бүхий л асуудлыг шийдэж өгч чаддаг, сайн талыг тоочвол дуусахгүй. Сайхан гэгээлэг зүйл. Хэрвээ өнөөдөр иогоор хичээллэж эхлээгүй хэн нэгэн байгаа бол та зориод хичээллээд үзээрэй, өнөөдрийн таниас маргаашийн та их өөр болсныг мэдэх болно.

-Хүмүүс иогоор хичээллэхийг бясалгал хийхтэй андуурдаг л даа. Ялгаа нь юу юм бэ?

-Иога гэдэг нь нэгдэл гэсэн утгатай. Тэр олон нэгдлийн нэг мөчир нь яахын аргагүй бясалгал. Иогийг бясалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголд үйл ажиллагаа явуулж буй олон иогийн төвүүд бий. Тэд бүгд зөвхөн биеийн дасгал хөдөлгөөн төдийгөөр сургалтаа хязгааралдаггүй. Амьсгалах, бясалгах, цэвэрлэх гэх мэт бусад нэгдлийн арга техникийг заан сургадаг. Та бүхэн минь өөртөө цаг гарган иога хийж эхлэхээр аяндаа энэ бүхний утга учрыг өөрийн бие сэтгэлээр мэдэх боломжтой.



 -Иогоор хичээллэж жингээ хассан тухай олон бүсгүйчүүдийн жишээ байдаг. Танай төв ямар иогийн төрлөөр сургалт явуулдаг вэ?

 -Ихэнхи гишүүд маань анх манай хаалгаар орж ирэхдээ үндсэн өөрт тулгамдсан таргалалт, хөдөлгөөний дутагдлаас үүдэх өвчлөл, стресс ядаргаа гэх хэд хэдэн шалтгааныг тоочдог. Иога энэ бүх асуудлыг цогцоор бүрэн шийдэж чаддаг юм. Гэхдээ үр дүнд хүрэхийн тулд тууштай, үнэнч хандах хандлага хамгийн чухал юм шүү. Жишээ нь манай ууган гишүүн Алтанцэцэг эгч маань зөвхөн иогоор хичээллэж 20кг хассан ба өөрийн амьдралын хэв маягаа бүрэн өөрчилж эргэн тойрныхоо хүмүүст үлгэр жишээ үзүүлж чадсан. Алтанцэцэг эгч маань одоо 54 настай ба насаараа эмчийн ажил хийж байгаа боловч иогатай холбогдсон тэр мөчөөс эхлэн сая өөрийгөө бүрэн дүүрэн эмчилж чадсан гэж бидэнд хэлсэн билээ. Тэгэхээр иога гэдэг бол энэтхэг улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй эрдэнэ гэдэг нь үнэн билээ

- Иогоор хичэээллэж байх үед хоол хүнсээ хэрхэн зохицуулдаг юм бол?

-Иогийн хоололт гэж байдаг л даа. Аливаа улс орны соёл уламжлалыг бид өөрсдийн нутагт зөвөөр нутагшуулах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ манай улсын хувьд эрт дээр үеэс өвлийн улиралд мах идэж зуны дулаан цагтаа цагаан идээг түлхүү хэрэглэн биеэ хөнгөн байлгаж мөн цагаан идээгээр биеийн цэвэрлэгээ хийдэг байсан. Бидний хувьд өөрсдийн хооллолт болон цэвэрлэгээг үндсэн өөрийн монгол заншлаараа л хийдэг. Гэхдээ хүмүүст хандаж хэлэхэд байгалаас унасан жимс ногоо, үр тариаг ихээр хэрэглэн, дахин боловсруулсан идээг бага хэрэглэж, оюун санаа, биеийг хувирган өөрчилдөг халуун ногоо, кола, архи, кофе гэх зэрэг идээг аль болох хэрэглэхгүй байхыг уриалмаар байна.

-Сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд амжилт хүсье?


П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus