К.Роналдо дабль хийж, Португал хасагдах шатанд шалгарлаа
Өнгөрсөн шөнө Евро-2016 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, шилдэг 16 багийн нэр тодорлоо. Өнгөрсөн шөнө F, E хэсгийн багууд сүүлийн тоглолтуудаа хийлээ. Тэмцээн эхлэхээс өмнө F хэсгийг тэргүүлэх магадлал хамгийн өндөртэй хэмээн нэрлэгдэж байсан Португалчууд эхний хоёр тоглолтдоо эвийн гэрээ байгуулж, тун хүнд байдалд ороод байсан юм. Хэсгийн сүүлийн тоглолтдоо Унгарын багийг хожиж байж хэсгээ тэргүүлэх боломжтой байсан.Португалчууд  3:3 харьцаатай тэнцсэнээр хэсгийнхээ гуравдугаар байраар шалгарлаа.

Энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчөөр ахлуулсан Португалчууд тоглолтын эхнээс л шуургалсан аюултай довтолгоонуудыг хийж байсан ч  өмнөх тоглолтуудын адил гоол оруулж чадахгүй байлаа. Улмаар тоглолтын 19 дэх минутад Унгарын баг  гоолын салхийг нээж 16-гийн гаднаас Герагийн цохиж гоолдов. Энэ тоглолтод заавал хожих даалгавартай Португалчууд тун хүнд  байдалд орж, ээлж дараалан довтолсоор тоглолтын 42 дахь минутад К.Роналдогийн дамжуулалтаар Нани тоог тэнцүүлсэн.

Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад буюу 47 дахь минутад Унгарын шигшээ багийн ахлагч Жужак солгой хөлөөрөө чөлөөт цохилтоос гоол оруулж, багтаа дахин тэргүүлэл авчирлаа. Гэвч Унгарчуудын тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Гурван минутын дараа Мариугийн дамжуулалтаар Роналдо тоог тэнцүүлэв. Харин таван минутын дараа Унгарын ахлагч Жужак өнөөх гоол оруулсан чөлөөт цохилтын байрлалаасаа дахин нэг гоол хийж, багтаа тэргүүллийг авчирсан юм.  Дахин хүнд байдалд орсон Португалчууд довтолсоор байсан бөгөөд дасгалжуулагч Ф.Сантос  Р.Куарежмаг довтолгоог дэмжүүлэхээр сэлгээгээр оруулж ирлээ.

Ингээд Нани, Куарежма нар жигүүрт тоглож, К.Роналдо довтлогчийн байрлалд тоглосноор Португалийн багийн довтолгоо улам сайжирч улмаар 62 дахь минутад К.Роналдо дахин гоолдож, багтаа тэнцээ авчирч чадлаа. Үүнээс хойш хоёр баг дахин гоол оруулсангүй, тоглолт 3:3-аар өндөрлөж, Унгар хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон юм. Харин нөгөө талд Исландын шигшээ баг Австрийг 2:1 харьцаатай хожиж хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.  Португалчуудын хувьд хэсгийнхээ гуравдугаар байраар гарч дараагийн шатанд Хорватын шигшээ багтай тоглохоор боллоо. 

Тэмцээн эхэлснээс хойш гоол оруулаагүй байсан К.Роналдо энэ тоглолтод дабль хийснээр дөрвөн ЕАШТ-д дараалан гоолдсон анхны тоглогч болж, түүхэнд нэрээ бичүүллээ. Мөн Еврод нийт 17 тоглолтод оролцсоноор шинэ рекорд тогтоосон юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus