МАН, АН-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр

Монголчууд Үндсэн хуулиар олгодсон төрийн эрх барих эрхээ эдлэхэд зургаахан хоногийн хугацаа үлдээд байна. Тодруулбал, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээ сонгох хугацаа энэ сарын 29-нд тохиож буй юм. Монгол түмэн энэ өдөр ирэх дөрвөн жилд хэн гэгч улс төрийн хүчин, улстөрчид итгэх вэ гэдгээ шийдэх түүхэн хариуцлагатай цаг мөч тохиож буй учраас “ММ” энэ удаагийн дугаартаа иргэдийн мэдлэгт нэмэр болох үүднээс намуудын мөрийн хөтөлбөрийг тоймлов.
 
Мэдээж ардчилсан сонгууль явуулж эхэлсэн 25 жилийн хугацаанд улс төрийн хоёр томоохон хүчин болох МАН, эсвэл АН олонхийг бүрдүүлж төрийн эрхийг барьж ирсэн бөгөөд энэ удаад ч сонголт энэхүү жишгээс хол зөрөхгүй. Тэр дундаа MAH, АН гэсэн хоёр том улс төрийн хүчинд иргэдийн дийлэнх нь хуваагдсан учраас хоёр улс төрийн хүчний аль нэг нь төрийн эрх барьж, Засгийн газар, УИХ-ыг бүрдүүлэх учиртай билээ. Тэр ч утгаараа энэ удаагийн дугаарт хоёр том намын мөрийн хөтөлбөрийг тоймлов. Мөрийн хөтөлбөр гэдэг бүх талын асуудлыг тусгах учиртай.
 
Эдийн засаг, нийгмийн халамж, мөнгө санхүү, уул уурхай гээд өнөөгийн нийгэмд яригдаж буй сэдэв бүхнийг хамарч байж л мөрийн хөтөлбөр болно. Хэдийгээр улс төрийн намуудын эрх барих хугацаа дөрвөн жилээр хэмжигддэг ч дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа нэг бүрчлэн бичиж, иргэддээ тайлагнаж байж л мөрийн хөтөлбөр биелэлээ олох юм.
 
Монгол Улс өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар бүх нам эвслийн төлөөллөөс оролцсон Хөгжлийн хөтөлбөрийг баталсан юм. Тэгвэл улс төрийн намууд энэхүү хөтөлбөрт уялдуулан мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртай. Тэр ч утгаараа хэн нь илүү мөнгөний амлалт өгсөн бэ гэхээс илүүтэй хэн нь амьдралд илүү нийцтэй бодлого боловсруулах вэ гэдэг л чухал. МАН-ын мөрийн хөтөлбөрийг ерөнхийд нь ажиглахад зүүний чиглэлийн нам гэдэг утгаараа нийгмийн халамжийг илүүтэй анхаарчээ. 107 заалт бүхий мөрийн хөтөлбөр товч бөгөөд тодорхой, мөнгө өгнө, цалин тэтгэвэр нэмнэ гэсэн утга агуулгатай.
 
Харин АН-ын хувьд өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнөхөн бүх аймаг, сум дүүргээр явж судалгаа хийсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө барьж орж буй. Найман жилээр төлөвлөсөн мөрийн хөтөлбөрөө өнөө жилийн сонгуулиар барьж орохдоо өмнөх хийсэн ажлаа үргэлжлүүлэх, эсвэл хийж эхлэх ажлаа төлөвлөсөн хэт нүсэр болжээ. АН-ын мөрийн хөтөлбөр нь таван бүлэг, 15 салбараар хуваасан 418 заалт бүхий мөрийн хөтөлбөр болжээ. Том, том бодлогын ерөнхий уриа шинжтэй уриалга, амлалт гэхээс илүү уншигчдын амьдралд хамгийн ойрхон цалин, тэтгэвэр, нийгмийн халамж, оюутны төлбөр, малчдын урамшуулал, эхчүүдийн тэтгэмж гэсэн цөөхөн хэдэн заалтыг л энэ удаад тоймлохыг чухалчилсан юм.

МАНАН-ын мөнгөний амлалт

МАН-ын хувьд жил бүр цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөрт тусгажээ. Хатуухан хэлэхэд өмнөх л үе шаттай нэмнэ гэсэн ерөнхий амлалтаас хэтрэхгүй. Инфляци, эдийн засгийн нөхцөл боломжийг тооцохгүйгээр жил бүр үе шаттай нэмэх боломж тэр болгон байхгүй. Тэгвэл АН-ын хувьд инфляцийн төвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн заалт оруулсан аж. Гэвч Монгол Улсын эдийн засаг жил ирэх тусам муудаж, гадаад хөрөнгө оруулалт багасч буй энэ үед цалин нэмэх тухай яриа бараг л мөрөөдөл төдий байгаа нь худлаа биш. Цаашид эдийн засгаа эрүүлжүүлж, уул уурхайгаас хэт хамааралтай байдааас гарч чадахгүй л бол хоёр намын цалин нэмэх тухай амлалт хоёулаа л цаасан дээрх амлалт болоод өнгөрөх нь тодорхой байгаа юм.
 
Тэгвэл тэтгэвэр нэмэх тухай асуудлаар МАН-ын бүлэг жил бүр нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах мөн ахмадууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох эрхзүйн орчин бүрдүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана хэмээн амалжээ. Харин АН-ын тухайд тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэмэх тухай болон хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгоно хэмээжээ. Мөн АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилж батлуулсан бөгөөд энэ нь нас барсан нэгнийхээ тэтгэврийг үлдэж ходорсон хөгшин нь авах боломжтой хуулийн төсөл юм. Тэдэн төгрөгөөр нэмнэ гэсэн амлалт өгч болохгүй учраас хоёр намын тухайд адилхан ерөнхий зүйлийг амласан аж.
 
Иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх тухай амлалтад МАН орлого багатай иргэдээ дэмжих, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тусгасан бол АН-ынхан мөн л өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн заажээ. Үндэсний статистикийн газраас өгч буй мэдээллээр дундаж амьдралтай иргэдийн өрхийн орлого 300-500 мянгад хэлбэлзэж буй. Тэгвэл хоёр намын өгсөн амлалтаар энэ орлого нэг сая хүртал төгрөг болох нь ээ.
 
Дараагийн мөнгөтэй холбоотой амлалт бол хүүхдэд олгож буй халамж. Анх Л.Гүндалай гишүүний санаачилж байсан “Хүүхэд бүрт-10000” амлалт өдгөө намуудын хамгийн гол санал авах амлалт болж хувирсан. Жил жилийн сонгуулиар энэ амлалт бага зэрэг өөрчлөгддөг ч өнөө жил мөн л амлалтын нэг гол концепц болж оржээ. МАН хүүхдийн мөнгийг хэвийн олгохоо амласан бол, АН ч мөн адилхан хүүхдийн мөнгийг олгох эрхзүйн орчныг өөрчлөхгүй хэмээн тусгажээ. Цэцэрлэгийн хүртээмжийн тухайд МАН “Хүүхэд бүр дэдэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэж заасан аж. Харин АН-ын тухайд цэцэрлэгийн асуудлыг илүү бодитой буюу хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, гэрийн сургалт өргөтгөх, мэргэжлийн ажиллах хүчнийг улс төрөөс хараат байлгах, сургууль цэцэрлэгийн байр нэмэх зэрэг заалтуудыг тусгажээ.
 
Оюутан, малчны талаар АН-ын бодлого илүүтэй таалагдаж байна
 
Харин оюутнуудад чиглэсэн боддогын тухайд АН-ынхан өнөөдөр хэрэгжүүлж буй бодлогоо үргэлжлүүлэх гэнэ. Тодруулбал, сонгуулийн өмнөхөн хэрэгжиж эхэлсэн “Сайн оюутан” хөтөлбөр буюу оюутны сургалтын төлбөрийн зээл хэрэгжүүлэх бол МАН- ын мөрийн хөтөлбөрт энэхүү оюутны зээлийг “Боловсролын зээлийн сан” байгуулж шийднэ хэмээн оруулжээ. Мөн АН-ынхан дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд оюутан суралцуулж буй бодпогоо үргэлжлүүлж тоог нь нэмэхээ амлажээ. Мөн Японы 1000 инженер хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ амласан байна.
 
Харин МАН-ынхан оюутнуудын цагаар ажиллах боломжийг хангахаас гадна, төрийн өмчийн сургуулиуд төрийнхөө өмчит л байх эрхзүйн орчныг бүрдүүлэх амлалт өгсөн байна. Үүнээс гадна АН-ынхан залуусын ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэх гэнэ. Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг АН мөрийн хөтөлбөртөө багтаасан аж.
 
Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох юм байна. 70 хүртэл хувийн тэтгэмж авдаг одоогийн тогтолцоог өөрчилж цалингаа бүтэн, тэтгэмжээ 100 хувь авах боломж олгох юм. Түүнчлэн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шймтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлэх гэнэ. Ингэснээр ажил хийнэ гэлгүйгээр хүүхдээ харангаа cap бүр гар дээрээ цалингаа авч болох билээ. Харин АН хүүхэд хардаг, удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхтэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг тус тус хэрэгжүүлэхээр болжээ.
 
Халамжийн тухайд АН тодорхой заалт тусгаагүй бөгөөд өнөөх л шинэчлэл гэсэн ерөнхий зүйл заалтаар ам хаажээ. Гэтэл өнөөдрийн нийгэмд эхчүүдийн асуудал хамгийн чухалд тооцогдож буй бөгөөд хүн амаа өсгөх гэвэл эхчүүдийнхээ халамжийг нэмэх, бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлага юу юунаас чухал байгаа юм. Малчдын тухайд гэвэл Ардын намынхан малчдын хүүхдийг зургаан настайд нь биш 7, 8 настайд нь сургуульд оруулж болохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Мөн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах гэх мэтчилэн малчдад тулгардаг олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ.
 
Мөн “Max, сүүний анхдугаар аян” өрнүүлэхийн зэрэгцээ “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаармах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх саналыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ, Харин АН-ын тухайд хөдөө аж ахуйн чиглэлээр тун ч дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөр тусгажээ. Тодруулбал, “Сайн малчин” хөтөлбөрөө үргэлжлүүлж малчдын амьжиргааны төвшинг баталгаажуулж, үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн орон нутагтаа амьдрах боломжийг хангах, шилмэл үүлдэрийн малыг өсгөж үржүүлэх, малын удмын сангийн цогцолбор байгуулах, малын эмийн болон био бэлдмэлийн үйлдвэр байгуулах зэрэг заалт тусгажээ.


Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus