М.Ууганбаяр: Барилгын ослын улмаас зургаан хүн бэртэж, нэг хүн амиа алдсан

Барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, осол, гэмтлийн асуудал гарч ирдэг. Тиймээс энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч М.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

Барилгын ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Барилгын компаниудад шалгалт хийгдэж байгаа юу?
 
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогч, ажилтан хоёрын эрх, үүргийг тусгаж өгсөн. Ажилтан ямар үүрэгтэй, ажил олгогч ямар үүрэгтэй вэ гэдгийг хуульдаа заасан учраас энэ талаар ярих нь илүүц байх гэж бодож байна. Гэхдээ ажилчид ажил олгогч эздийн хангаж өгсөн хувцас, хамгаалах хэрэгслийг өмсөх, өөртөө болон бусдад аюулт эрсдэл учруулахгүй байх үүрэгтэй. Мөн тухайн байгууллагаас гаргасан дотоод дүрэм, журмыг мөрдөж ажиллана гэж заасан байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга 185 тоот удирдамж гаргасан. Удирдамжийн хүрээнд шинээр баригдаж байгаа барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна. Шалгалтыг тавдугаар сарын сүүлээр явуулж эхэлсэн. Урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалтууд үргэлжилж байгаа.
 
-Энэ жил хичнээн барилгын компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
 
-Нарийн тоог нь мэдэхгүй байна. Гэхдээ нэгдсэн шалгалтын дүнг найм, есдүгээр сард танилцуулна. Тэр шалгалтын дүнгээр нэгдсэн тоо гарна. Ер нь Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд 500 гаруй объект төлөвлөгөөт шалгалтад орохоор тусгагдсан. Төлөвлөгөөт шалгалтад орох 500 объект нь өнгөрсөн жил эрсдэл өндөртэй гарсан юм. Тиймээс энэ жил төлөвлөгөөт шалгалтад оруулж байгаа.
 
-Барилгын ажил эхэлснээс хойш осол гарсан уу. Хэчнээн хүн бэртэж гэмтсэн бэ?
 
-Манай шуурхай байдлын албанд долоон дуудлага ирсэн. Бид дуудлагын дагуу очиж, шалгалт хийсэн. Одоогийн байдлаар зургаан хүн хүнд хөнгөн бэртэж, нэг хүн амь насаа алдсан байна.
 
-Хяналт шалгалтын явцад шинээр баригдсан барилгууд ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна вэ?
 
-Шинэ баригдаж байгаа барилгуудад шалгалт хийх тухай НИХТ-ийн тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол гарсан. Барилга угсралтын ажил эрхэлж байга компаниуд ниитлэг журамд заасан хашаа бариагүй, зураг батлаагүй, талбайн зохион байгуулалтын зураг байхгүй зэрэг зөрчил илэрлээ. Мөн хаалт хамгаалалтгүй, ажилчид нь ажлын хувцасгүй, хамгаалах хэрэгсэл хангагдаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа.
 
-Барилгын компанитай холбоотой иргэдийн гомдол ирж байна уу?
 
-Иргэдээс шөнийн цагаар барилгын ажил явуулж байна гэсэн гомдол ирсэн. Сүүлийн үед иргэдийн мэдлэг харьцангуй дээшилсэн нь мэдэгдэж байна. Тухайлбал, манай шуурхай албаны утсанд хаалт, хамгаалалт хийгээгүй барилга үйл ажиллагаа явуулж байна, барилга дээр хамгаалах хэрэгсэлгүй хүн ажиллаж байна гэх мэтчилэн гомдол иргэдээс ирдэг. Тэгэхээр эндээс иргэдийн мэдлэг сайжирч байгааг харж болно.
 
-Ажил олгогчид ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ?
 
-Барилгын компаниуд хөрөнгө, санхүү дутмагаас болж барьж байгаа барилгадаа хамгаалах хаалт хийдэггүй. Ажилчиддаа хамгаалах бүс тавьж өгсөн боловч бэхэлгээг нь хийж өгдөггүй. Мөн дотоодын хяналт, шалгалт муу байдаг. Энэ мэтчилэн зөрчлүүд ажил олгогчдын дунд ихэвчлэн гардаг.
 
-Барилгын ажилчдын хамгаалах малгай хэр чанартай байдаг юм бэ?
 
-Манай улсад барилгын хамгаалах малгай чанарын шаардлага хангасан эсэхийг шалгадаг лаборатори байдаггүй. Ажил олгогчид импортоор орж ирсэн хамгаалах хэрэгслийг худалдаж авдаг. Гэхдээ тухайн бүтээгдэхүүнийхээ дагалдаж ирсэн сертификатыг сайнхарах хэрэгтэй. Хэзээ үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангасан эсэхийг анхаарч авах ёстой.
 
-Зөрчил гаргасан компаниудад ямар зөвлөгөө өгч ажиллаж байна вэ?

-Бид эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хийдэг тогтолцоонд шилжээд таван жил болж байна. Мөн эрсдэл багатай үнэлэгдсэн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ болон зөвлөгөө өгдөг. Барилгын талбайн инженер, ХАБ-ын ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажилладаг.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus