30 саяын хохирлыг хэн төлөх вэ

Хоёр өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн зарим гудамж, талбай, айл өрхүүд усанд автлаа. Жилийн дөрвөн улирал ээлжлэх манай оронд зөвхөн өчигдөр үер бууж байгаа нь энэ биш. Жил бүрийн зун үерийн амад буусан айлууд усавд автаж, амь насаараа хохирсон “гашуун” сургамж бидэнд бий. Тэгвэл энэ удаад ч иргэдийн хариуцлагагүй байдал дахин давтагдаж хэд хэдэн айл үер автлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 8,12,17,21 дүгээр хорооны 100 гаруй айл усанд автаж, Рашаантын 7-12 дугаар гудамж үерийн гамшигт нэрвэгдэж, Онцгой байдлын албанаас 40 хүн, дүүргийн албадаас 34 хүн, таван механизм, есөн автомашин, гурван мотопомптойгоор шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.
 
Энэ мэтчилэн иргэд өөрсдийн ухамсаргүй үйлдлээс болж гэр орноо усанд автуулж, эд хөрөнгөөрөө хохирдог түүх жил бүр л давтагдах болж.
 
Цаашдаа ч тохиолдохгүй гэх баталгаагүй. Нэг үгээр хэлбэл, үерийн даланд ойрхон буусан нь өөрсдийнх нь буруу гээдхэлчихэд нэг их буруудахгүй биз. Өнөөгийн нийгэмд миний эрх бусдын эрхээр хязгаарлагдах учиртай. Гэтэл ухамсаргүй, хариуцлагагүй, аминчхан үзэлтэй ганц хүний уршгаар хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон автозам гэмтсэн жишээ ч байна.
 
Энд нэгэн түүхийг эргэн сануулъя. Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн автозам энэ сарын 06-нд бүрэн ашиглалтад орж, ннйслэлчүүд зурайсан шинэхэн замаар зуслангаа зорьдог болсон. Гэтэл хэдэн өдөр үргэлжлэх орсон борооны улмаас замын тодорхой хэсэгт буюу доод Салхитын ам орчимд ус хуримтлагдан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, замд эвдрэл гарчээ.
 
Хамгийн хачирхалтай нь, ашиглалтад ороод 16 хонож буй уг замын эвдрэл ганц хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байсан гээд бод доо. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод Салхитын 1-16 тоотод оршин суугч М гэгч үерийн ус зайлуулах хөндлөн хоолойг хааж, битүүлсний улмаас зам дээр нэлээд хэмжээний эвдрэл гарч, хашаа руу нь ус орсон ажээ. Ганцхан аминчхан үзэл, хариуцдагагүй байдлаас болж Салхитын чиглэлийн замын хөдөлгөөн зогсч, бүхэл бүтэн бүтээн байгуулалт сүйдчихлээ. 30 сая төгрөгөөр улс хохиров. Өмнө нь ийм тохиолдол гарсан. Өнгөрсөн тавдугаар сард шар усны үер болоход мөн л ийм байдал үүссэн байх юм.
 
Тухайн үед нийслэлийн Авто замын газраас иргэн М-тэй уулзаж, шугам хоолойг битүүлэхгүй байхыг удаа дараа хүсч, хашаан дотор нь ус зайлуулах хоолой татаж өгье гэсэн ч зөвшөөрөөгүй байна. Энэ мэтээр нэг иргэний буруутай үйлдлээс нэлээд хэдэн хүн хохирч, улсын төсвөөр хийсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт сүйдсээр байгаа юм. Ус цаг уурын хүрээлэнгээс ирэх долдугаар сард аадар бороо орно гэдгийг ард иргэдэд анхааруулж буй. Тиймээс үерийн аманд буусан айлууд өөрсдийнхөө болоод улс орноо боддог л бол ухамсартай байж, нүүхийг хүсье. Эцэст нь хэлэхэд, төр засгаа шүүмжлэн суухын оронд өөрсдөө иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байчих л даа.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus