Хорват, Германы шигшээ багууд хэсгээ тэргүүлэв
Евро 2016 хөлбөмбөгийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр өндөрлөнө. Өнгөрсөн шөнө С, D хэсгийн гурав дахь тоглолтууд явагдаж, хэсгээс шалгарах багуудын нэр тодорлоо. 

Дэлхийн аварга Германчууд Умард Ирландтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийсэн. Герман хожиж байж хэсгээс нэгээр гарах боломжтой байлаа. Харин Умард Ирландад ердөө л тэнцээ хэрэгтэй байсан. Герман Машинууд энэ тоглолтонд 80%-тай бөмбөг эзэмшиж, өрсөлдөгчийнхөө хаалга руу нийт 28 цохилт илгээснээс 29 дахь минутад Томаш Мюллерийн дамжуулалтаар Марио Гомес өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан нь тоглолтын эцсийн гоол байлаа ингэснээр тэд  долоон оноотой болж, хэсгээс нэгээр гарлаа.

Нөгөө талд Польшийн шигшээ баг Украины шигшээтэй тулж, өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авснаар Германтай адил долоон оноотой болсон. Гэвч гоолын зөрүүгээр хоёрдугаар байраар гарлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 54 дэх минутад Блашчиковски оруулжээ.

Харин “D” хэсгийн гурав дахь тоглолтод  Хорват, Испанийн багууд хоорондоо учраа тааран тоглож, Хорватын шигшээ 2:1-ийн харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Хорватын шигшээ баг долоон оноотой хэсгээ тэргүүлсэн бол Испани зургаан оноотойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus