Малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт ам сайтай байна

Хөдөөд залуу малчин ховорджээ. Энэ нь хэд хэдэн үндсэн шалтгаантай тухай Архангай аймгийн Хотонт сумын иргэд өгүүлсэн. Үүнд нэгдүгээрт сүүлийн хэдэн жил тэр дундаа өнгөрсөн өвлөөс малын гаралтай түүхий эдийн ханш эрс буурсан нь малчдыг тэр дундаа залуусыг хот суурин газар бараадуулахад хүргэсэн байна. Тодруулбал, хэдэн жилийн өмнө нэг хонь 100-200 мянга, ноолуур 90 мянган төгрөгт хүрдэг байсан бол өнгөрсөн жилээс үнэ нь буурч 50 хүрэхгүй мянган төгрөг болсон гэж байв. Мөн малын түүхий эд буюу хонины нэхий, арьс шир, мах үнэд хүрэхээ байсан. Малчид малын ашиг шимээс өөр орлогогүй учир залуу малчид мал маллах сонирхолгүй болсон гэж байлаа. Мөн хөдөөд залуу малчин ховордсон бас нэг шалтгаан нь хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулдог болсонтой холбоотой гэнэ.

Учир нь зургаан настай хүүхэд аав, ээжээсээ холдож үзээгүй байдаг. Гэтэл боловсролын хуульд өөрчлөлт орсон. Иймээс хүүхдээ сургуульд оруул гэдэг. Ингээд ээж нь зургаан настай хүүхдээ дагаад сумын төв  орохоос аргагүй  болдог. Харин хөдөө зэлүүд газар гэрээ хараад үлдсэн аав нь нэг өвөл гэртээ ганцаараа өвөлжөөд аав, ээж эсвэл ойр дотныхоо хүмүүст малаа харуулаад сум бараадахаас аргагүйд хүрдэг. Мөн зарим гэр бүл үүнээс болж салсан тохиолдол хүртэл бий гэж байлаа.

Хөдөөд тулгамдаад буй энэ асуудлын талаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Жамъянгийн Мөнхбатыг өчигдөр Архангай аймгийн Хотонт болон тус сумын Бургалтай, Улаанчулуу багийн иргэдтэй уулзах үеэр хөндөж байсан юм. Мөн Монгол Улс 50 сая малтай хөдөө аж ахуйн орон атал эрх баригчид өнгөрсөн хугацаанд малаа үнэгүйдүүлэх түүнчлэн малчдын амьдралаас хол хөндий шийдвэрүүд ар араасаа гаргаж буй нь малчдыг сөхрүүлэхэд хүргэж байна хэмээсэн.

Тус сумын иргэд сонгогчидтой уулзах үеэр Жамъянгийн Мөнхбат "Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг зохиоцуулахаар тодорхой тусгасан. Манай нам өнгөрсөн гурван жил гаруйн хугацаад Монгол Улсаа нар зөв гурав тойрч ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Тэгэхэд малчид яг энэ зовлонг ярьж байсан. Иймээс манай нам энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар  мөрийн хөтөлбөртөө тодорхой оруулсан. Малчдын хүүхдийг зургаан настайд нь биш 7, 8 настайд нь сургуульд оруулж болохоор мөрийн хөтөбөртөө тусгасан байгаа. Мөн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах гэх мэтчилэн малчдад тулгардаг олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Ард түмэн манай намд итгэл хүлээлгэвэл та бүхний өмнө тулгардаг энэ мэт олон асуудлыг нэн яаралтай шийднэ" гэсэн юм.








Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus