Авто машингүй өдрөөр агаарын бохирдол хоёр дахин бага байжээ

Автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд  энэ сарын 4-ний өдрийг Автомашингүй өдөр болгосон. Автомашингүй өдрөөр нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын хэмжээг тодорхойлох зорилгоор Нийслэлийн Агаарын чанарын албанаас хэд хэдэн байршилд хэмжилт хийсэн байна.

Тодруулбал, зам хаасан  цэгүүдэд буюу  Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам орчим, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан  хэмжилтийг хийхэд  NO2-азотын давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 2 дахин давсан үзүүлэлттэй байжээ. Энэ нь  тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулжээ. Тиймээс энэ зун автомашингүй өдрийг  нийслэлд дахин хийхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus