Н.Төгсцогт олимпт оролцох боломжгүй боллоо
Олон улсын боксын холбооноос энэ сарын эхээр нэгэн чухал шийдвэрийг гаргасан. Тодруулбал Швейцарийн Лозаннь  хотноо тус холбооны ээлжит бус хуралдаж, Рио-2016 олимпийн наадамд мэргэжлийн боксын тамирчдыг оролцуулах асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэснээр мэргэжлийн боксын тамирчид нас, туршлага хамаарахгүйгээр олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Өмнө нь ОУСБХ 2013 онд “Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно” хэмээн шийдвэрлээд байсан  билээ. 

Тэгвэл манай улсын хувьд Лондонгийн олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт 56 кг-д Риод зодоглох эрх нээгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Гэвч Олон улсын мэргэжлийн боксын холбоо мэргэжлийн тамирчдыг олимпод өрсөлдвөл аваргын бүсийг нь хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилийн хугацаатай хасахаар  болсноо өчигдөр мэдэгдлээ.

Н.Төгсцогтын дараагийн тулаан Пуэрто Рико улсын “DYNAMITE” хочит Р.Васкестэй ирэх сарын 15-нд хийхээр болсон тул манай тамирчин холбооноосоо зөвшөөрөл авч чадлаа гэхэд долоохон хоногийн зайтай хоёр том тэмцээнд оролцох бараг боломжгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Дашрамд дуулгахад манай улсаас 56 кг-д Э.Цэндбаатар олимпийн наадмын эрх авахаар Бакугийн рингэнд амжилттай тулалдаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн шөнө шилдэг наймд үлдэхийн төлөө Туркийн Ибрахим Гокчектэй тоглож 3:0-ээр илт давуу ялалт байгууллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus