Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэрэг явдаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтын санамж бичигт гарын үсэг зурснаар, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах, хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээг багасгах, аюултай ачааны тээвэрлэлтийг зогсоох, нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар хотын дундуур өнгөрөх төмөр замыг хос болгон өргөтгөх замаар хотын ойролцоох Налайх, Партизаны суурин газруудыг дэд бүтэцтэй холбож хотын нийтийн тээврийн сүлжээтэй нэгтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Санамж бичигт Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон Улсын нисэх буудал-Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг  Рейлбус  аялуулах, шинэ Рейлбус худалдан авч нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгон орчин үеийн шаардлагад нийцсэн тасралтгүй үйлчилгээг үзүүлэх, засвар үйлчилгээний баазыг байгуулахаар тусгасан байна.  Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг төмөр замын тээвэртэй уялдуулж авто замын ачааллыг багасган түгжрэлийг бууруулж, Толгойт-Амгалан өртөөдийн хооронд хос төмөр зам тавих, төмөр замын дагуу автобус нийтийн тээврийн зогсоол бүхий платформ байгуулахаар тусгажээ. Ингэснээр Налайх, Эмээлт, Өлзийт, Нисэх орчмиын иргэд  Төв аймгийн Хөшгийн хөндийн байрлах олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болох юм. Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын автозамын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан гарцуудыг бий болгох зорилгоор Нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг өргөтгөн цогцолбор байгуулж төмөр замын урд хойд талыг холбосон шинэ явган гарц бий болгох юм байна. Түүнчлэн барилгын материалын худалдааны үйл ажиллагаа төвлөрсөн 44-р зам буюу Гурвалжингийн гүүрний орчмын үйл ажиллагааг бүхлээр нь хотын зүүн хэсэгт шилжүүлж, Амгалан өртөөний орчим орших объектуудыг түшиглэн барилгын болон мод модон материалын захыг шинээр бий болгон төвлөрүүлэх, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших авто цогцолборыг түшиглэн салбар төмөр зам барьж, ложистик үйлчилгээний төв байгуулах, Улаанбаатар хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхгүй байх тухай захирамж гарсантай холбогдуулж төмөр замын Багахангай өртөө орчимд аюултай ачааны терминал байгуулах зэргийг ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлж эхний үе шатыг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалтын төслүүд 2030 гэхэд бүрэн хэрэгжинэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus