ЭЕШ-ын эргэн тойронд, шалгалтын хариу задарсан уу
2016-2017 оны хичээлийн  жилд их дээд сургуульд элсэн суралцах сурагчдын ЭЕШ-ыг өнгөрсөн долоо хоногт авч дууссан.  Энэ жил 37200 хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, их дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-ыг өгсөн. Жил бүр ЭЕШ-тай холбоотой гомдол маргаан гардаг ч удалгүй намждаг. Гэтэл энэ жилийн маргаан өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тодруулбал  шалгуулагч болоод эцэг эх, зарим багш нарын зүгээс шалгалтын  хариулт задарсан гэх мэдээллийг удаа дараа хийсэн.
 
Тэгвэл үнэхээр ЭЕШ-ын хариу задарсан уу гэх энэ асуултад БҮТ-ийнхөн 100 хувь үгүй гэдэг хариулт өгч байна. Харин эцэг эх, багш, сурагчдын төлөөлөл дараах зүйлийг ярьж байна. 

"Шинэ зуун билиг" сургуулийн математикийн багш Х.Сайнбилиг: Боловсролын үнэлгээний төв шударга ажиллаж байгаа, та нарыг хүндэлж байна. Гэвч та нарын дунд байгаа хүн чинь ашиг сонирхлын үүднээс задруулсан тул арга хэмжээ авч өгөөч” гэж байна. Бар кодтой хариулт бүгд таарч байгаа нь маш том эргэлзээ үүсгэлээ.

113 дугаар сургуулийн төгсөгч  Ж.Мандах: “ЭЕШ-ын шалгалтын хариуг авах уу гэсэн мэдээлэл фэйсбүүкийн чатаар ирж байсан бөгөөд түүнийг нь маш олон хүүхэд авсан”  гэсэн юм.

БҮТ-өөс   шалгалттай холбоотой гомдол санал гарч эхлэхэд дараах мэдэгдлийг хийсэн. 

“Их дээд сургүуль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна.
 
Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогоод холбогдох газраар шалгуулж байна.
 
ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Иймд нийт шалгтулагч, зцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжилттай дүн үзүүлэхийг хүсье.”

Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан мэргэжилтэн Л.Ганбат: “ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүйгээс гадна тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтран тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Материал задарсантай холбоотой 20 орчим хүнийг байцааж байгаа.Гар утасгүйгээр бүрэн камер хяналтын дор шалгалтыг битүүмжилдэг. Байцаагдаж буй хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн. 

ЭЕШ-ын хариу задарсан гэх асуудлыг ТЕГ шалгаж байна

Тэгвэл шалгалтын хариу задарсан гэх асуудлыг ТЕГ шалгаж эхэлжээ. Энэ талаар БСШУЯ -ны Үнэлгээний төвийн програм хангамжийн хэлтсийн дарга Н.Сүхболд мэдэгдлээ. Тэрбээр "Шалгалтын хариу задрах ямар ч боломжгүй зүйл. Харин шалгалтын явцад буруу хариуг хүүхдүүдэд худалдаж, залилан мэхлэж байсан явдлыг илрүүлж цагдаагийн байгууллага, ТЕГ шалгаж байгаа. Тэрхүү задарсан гээд байгаа хариу нь математикийн шалгалт дууссаны дараагаар фэйсбүүкээр тархсан. Бар кодтой хариуг хэн, ямар зорилготойгоор иргэдийг төөрөгдүүлж олон нийтэд тарааж байгааг шалгуулахаар ТЕГ, ЦЕГ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар бид албан ёсны хүсэлтээ өгсөн байгаа. Энэхүү шалгалтын дараагаар шалгалтын хариу задарсан, задраагүй болох нь тогтоогдоно” гэлээ.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus