АТГ-ын даргын асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх үү
УИХ-ын чуулганы хуралдаан энэ долоо хоногийн баасан гараагаас эхлэн хуралдах товтой байгаа. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргахдаа “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулж байна” гэж мэдэгдсэн юм.

Харин УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хараахан хуралдаагүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх нь тодорхой болох юм. УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа олон асуудлын нэг бол АТГ-ын даргатай болгох асуудал юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг өөрийн хүсэлтээр ажлаас  чөлөөлөгдөх хүсэлтийг гаргажээ. Түүний хувьд "Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна" гэсэн юм.

АТГ-ын даргыг УИХ-аар томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг юм. Н.Ганболд дарга нь 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдсон юм. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2017 оны арваннэгдүгээр сард дуусгавар болохоор байсан юм . Гэвч Н.Ганболд дарга хугацаанаасаа өмнө албаа хүлээлгэж өгсөн.

Тиймээс Монгол Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын даргад хурандаа Х.Энхжаргалын нэрийг санал болгосон. Хуульд зааснаар УИХ-д АТГ-ын даргын нэрийг өргөн мэдүүлсэн бол холбогдох байнгын хороогоор долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой байдаг. Гэвч уг асуудал хойшилсоор чуулган завсарлахаас өмнө хэлэлцэгдээгүй юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбарлахдаа “Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгоог хэлэлцье гэж шийдвэрээ гаргасан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч Ардчилсан намын бүлэг хуралдаагүй байна. Хоёрт, УИХ-ын даргын зөвлөлөөр шинэ долоо хоногт хэлэлцэх асуудлаа багцалж, дэс дараалалд оруулаад, тэрний дагуу Байнгын хороо бэлтгэл хангадаг. Энэ ажил хийгдээгүй байна. Бүлэгт сануулсан, “Завсарлага дууссан шүү, асуудлыг шийдээд явах ёстой, хуулийн хугацаатай” гэдгийг хэлсэн. Ерөнхийлөгч АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д мэдүүлсэн бол холбогдох байнгын хороогоор долоо хоногт багтаагаад хэлэлцэх ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагатаа дурьдаж байв.

Тухайн үед хэвлэлүүдээр “АН Авилгатай тэмцэх газрын даргыг томилох сонирхолгүй байгаа” хэмээн бичиж байв. Өөрөөр хэлбэл, АН-ын хэд хэдэн гишүүд Авилгатай тэмцэх газарт асуудалтай байгаа юм. Тиймээс уг асуудлыг санаатайгаар хойшлуулж сонгуультай давхцуулахгүй сонирхолтой байгаа гэдгийг зарим гишүүд хэлж буй. Тэгвэл сонгууль шувтрах тийшээ хандсан энэ өдрүүдэд тус газрын даргын томилгоо хийгдэх үү?

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus