Аялал эхэллээ, амрагчдаа угтахад бэлэн үү
Өнөөдөр нар буцаж, усны хор тайлагдаж байна. Намуудын улс төрийн синдром дуусахад долоо хоног үлдэж, наадам эхлэхэд харин 18 хоног үлджээ. Хангай дэлхий ч хураа харамгүй хайрлаж, байгаль ээж ногоон гоёлоо өмсч, ёстой л ойрын хэдэн жил үзээгүй сайхан зун болох нь гэсэн яриа хэдийнэ гарч эхэлчихэж. Улс төрийн сонгуулийн сурталчилгаа дээр дооргүй өрнөсөн энэ үед нийгэм тэр хэмжээгээр бухимдалтай байх шиг. Тиймдээ ч хүн бүхэн л сонгууль дуусч албан ёсны амралтаа авахыг тэсч ядан хүлээж буй нь илт. Хаагуур аялах вэ гэдэг маршрутаа хүртэл гаргачихсан, наадмын ес хоногийн амралтаар ёстой л шавайгаа ханатал зугаалахаар төлөвлөж байгаагаа цахим хуудсаар нэг ярьцгааж байгаа билээ.

Ерөөс жилийн жилд л зуны амралтаар нийслэлд цөөхөн хүмүүс үлддэг. Ээлжийн ажилтай, төрийн албан хаагчдыг эс тооцвол хөгшин хөвөөгүй л хөдөөг барааддаг нь худлаа биш. Аятайхан амралтын газар, хөдөө байгаа ах дүүгээ барааддаг уламжлалаар ч өнөө жил хөдөөгүүр амрагчид олон байх нь.

Нөгөө талаар, долдугаар сард Монгол Улсад томоохон дээд хэмжээний уулзалт товлогдсон. Тэр ч утгаараа нийслэлд аль болох түгжирч бухимдалгүй хөдөө гадаа явж амрахыг төр засгийн удирдлагууд иргэддээ уриалж буй юм. Монгол Улсын нэр хүнд дэлхийд гарах хойно мэдээж уриалгыг нь дагаад хөдөө явах бодолтой хүн олон бий. Гэвч хаана очиж амрах вэ гэдэг нь толгойн өвчин болчихоод байгаа юм. Чин үнэнийг хэлэхэд нийслэлчүүд Горхи-Тэрэлжийн цөөн, хэдэн амралтаас үндсэндээ залхчихсан. Хүүхэд, хөгшидгүй ус бараадахыг хүсч Туулаа даган өгсдөг ч тухалж амарчихмаар амралтын газар цөөхөн гээд хэлчихэд хатуудахгүй. Мэдээж ам болгонд гэр барьчихсан, амралт байгуулчихсан байхад юу бичээд байна вэ хэмээн бухимдах нэгэн гарч мэдэх юм.
 
Гэхдээ эдгээр амралтын газруудаас аятайхан хоночихмоор газар байдаг билүү хэмээн асуумаар санагдцагийг нуух юун. Хүүхдээ тоглуулчих тоглоомын талаар яриад ч хэрэггүй. Эгнүүлж барьсан хэдэн гэрээс нь архи тамхины нэхүүн үнэр, ор хөнжлийнх нь даавуунаас толгой эргэж огиудас хүрэм өмхий үнэр л ханхалж гарахгүй биз. Тэрэлжийн орчимд 100 гаруй амралтын газар байлаа гэж бодоход тэндээс стандартын шаардлага хангасан нь гарын 10 хуруунд багтам цөөхөн байдаг. Амралт, аялалын газрын стандартыг хангасан газар нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутагт ч цөөхөн. Тиймээс амралт эхэлчихлээ амрагчдаа угтаж авахад бэлэн үү хэмээн асуугаад байгаа юм. Амралтын газрын стандартыг шалгаж хянадаг газрууд ч өнөө жил ажлаа хийсэн шиг хийхгүй бол АСЕМ-ын уулзалтаас “дүрвэсэн” иргэд, цаашлаад том уулзалтын хүрээнд ирэх зочид төлөөлөгч, монголыг зорих жуулчдын тоо энэ зуныг дуустал үргэлжлэх нь тодорхой байгаа юм.

Зарим бэлтэй зочид мэдээж гэр бүл үр хүүхдээ дагуулаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Хаа хол Хөвсгөлийн тайга руу зорьж чадахгүй ч хажууханд байгаа Тэрэлж рүү гараад давхилаа гэхэд халтайсан гэртэй, бие засах жорлонгүй угтвал юу болох билээ. Тиймээс өнөө жил баталсан журам дүрмээ хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж хэрэгтэй, хэрэггүй амралтын газруудыг журамлах шаардлагатай байна. Нийтийн бие засах газартай, нойлын өрөөний стандартыг ч ядахад мөрдүүлдэг болмоор байгаа юм. Ор дэрний цагаан хэрэглэл, барьсан гэрнээс нь эхлээд шахаж шаардах зуйл бишгүй олон гарна.
 
Ганцхан нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутгийн удирдлагууд ч амралтын газар ажиллуулж буй иргэддээ зохих ёсны шаардлага тавихгүй бол хөдөөг зорьсон иргэд халдварт өвчин тусчихаад ирэх вий дээ. Өнөө жил нийт нутгаар хур бороо элбэг байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тиймдээ ч амралтаар хөдөө явсан иргэд майхан саваа барих гэхээс илүү амралтын газар бараадах нь тодорхой байгаа юм. Харин тэднийг нүүр улайхааргүй амралтад буулгачихаад мөнгийг нь “сааж” байвал хэн юу хэлэх билээ. Чийгтэй гэр байшин, тохь тухгүй амралтад угтчихаад тэнгэрт тулсан үнэ хэлээд суувал хэн ч үйлчлүүлэхгүй гэдгийг эрхэм бизнес эрхлэгчид тунгааж нэг бодох биз.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus