Тоньюкукийн гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт судалгаа хийнэ
Манай улсад Эртний Түрэгийн үеийн олон дурсгал бий. ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагууд хамтран тэдгээр дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос хэрэгжүүлж байна.
Энэ удаад ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага хийх юм. Тэд энэ сарын 20-ноос наймдугаар сарын 5 хүртэлх хугацаанд судалгаагаа хийнэ. Хээрийн судалгааны нээлт Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолбор дурсгалт газарт өчигдөр болов.

Төслийг нээж  ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун нар үг хэллээ.

ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар “Түрэгийн хаант улсын түүхэнд холбогдох томоохон дурсгалыг малтан судлах ажил 1800-аад оны сүүл үеэс эхэлсэн. Хожим 1957 онд манай нэрт археологич Намсрайн Сэр-Оджав томоохон малтлага, судалгаа хийсэн байдаг. Монгол-Туркийн хамтарсан төслийн хээрийн шинжилгээний ангийнхан дахин судалгааны ажил эхлүүлж байгаад баяртай байна” гэв.

Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах бэлтгэлийг хангах юм. 

Монгол, Туркийн археологийн хамтын ажиллагаа 20 орчим жилийн түүхтэй. Өмнө нь Архангай аймгийн Хөшөө Цайдам дахь Түрэгийн Билгэ хааны тахилын онгоныг малтан судалж, Евразийн түүх, археологийн судалгаанд томоохон байр суурь эзлэх 3000 орчим үнэт олдвор эх хэрэглэгдэхүүнийг илрүүлж байжээ.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine