“Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэн болж байна
“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-аас өнөөдөр  “Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй хууль бусаар олгогдсон газрын үзэсгэлэн зохион байгуулж байна
 
Тус ТББ-аас иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, газрын асуудалтай холбоотой маргаануудыг шийдвэрлүүлэхэд идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа чиглүүлэн, өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж ирсэн байна.

Энэхүү үзэсгэлэнг ямар нэгэн намын захиалга, улс төрийн зорилгоор бус харин ард иргэд сонгуулийн сурталчилгаа явж буй эдгээр өдрүүдэд идэвхтэй байдаг тул өөрсдийнх нь эрх зөрчигдөж, хууль бусаар, нийтийн зам талбай, ногоон байгууламж, сургууль, цэцэрлзгийн газар, хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэн олгосон шийдвэрүүдийг илүү анхааралтай хүлээн авах болов уу гэж найдсан тул энэ өдрүүдийг онцолж зохион байгуулж байгаа аж.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар өмнөх хотын дарга нарын олгосон газруудын үнэлгээ 26,9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого хотын төсөвт орох ёстой байсан талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байсан. Бид ч Дэлхийн банкны энэ судалгаатай танилцлаа. Иргэдийг хохироогоод зогсохгүй ийм их хэмжээний төлбөрийг хууль зөрчин дутаасан албан тушаалтнуудыг, гаргасан шийдвэртэй нь хамт энэхүү үзэсгэлэнгээр бид олон нийтэд зарлаж байгаа юм.

Энэ үеэр  “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг “Бид 400 м.кв газрыг авч үлдэхийн тулд бүтэн 12 жил хөөцөлдөж байсан удаатай. Үзэсгэлэн зохион байгуулах санаа маань энэ явдлаас үүдэлтэйгээр анх төрж байлаа. Энэ хугацаанд бидэнд цугласан баримт нотолгоотой газруудыг бид энэ үзэсгэлэнгээр харуулж байгаа” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus