Модны цагаан хөвөн харшил үүсгэдэггүй
Улиасны унгирал энд тэндгүй хөглөрч, иргэдийг бухимдуулж буй. Модны хөвөн нүд загтнуулж, ам, хамар луу орж, харшил сэдрээж байна гэх иргэд ч байгаа юм. Тэгвэл мэргэжилтнүүд улиасны унгирал харшил сэдрээдэггүй болохыг хэлж байна. Тодруулбал мэргэжлийн хүмүүс үүнийг улиас үрээ тарааж буй ердийн үзэгдэл хэмээн тайлбарлаж байна. 

Энэ талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн дараах зүйлийг ярилаа. “Модны цагаан хөвөн хөглөрөх нь энгийн үзэгдэ. Угтоо бол хүн, амьтантай зүйрлэвэл үр төлөө  гаргаж байна гэсэн үг. Гэтэл хүмүүс  ингэж хүлээж авдаггүй ад үздэг. Унгирал харшилдаггүй. Харишл үүсгэх бодисгүй гэдгийг эрдэмтэд тогтоочихсон. Хүмүүсийн сэтгэл санаатай л  холбоотой. Харин өөр зүйлээс харшилтай хүнд өдөөлт болдог. Өөрөөр хэлбэл модны хөвөн нүүрэнд наалдах үед ирвэгнэдэг. Үүнийг нь хүмүүс харшилж байна хэмээн буруу ойлгодог” гэлээ. 

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотод 9000 орчим эм улиас байдаг аж. Түүний зургаан мянга нь  цагаан хөвөн буюу унгирал тараадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ жил Захирагчийн ажлын  албанаас дөрвөн бригад гарган  молцгийг түүж,  модны цагаан хөвөнг багасгахаар ажилласан байна. Харин гадуур хийсэж, хүмүүсийн дургүйг  хүргээд буй унгирлууд бол албан байгууллагын хашаан дахь модных гэдгийг  албаныхан хэлж байна. Хотын захиргаанаас тэдгээр байгууллагад унгирал багасгахад анхаарч, тодорхой ажил хийхийг шаардсан албан бичиг хүргүүлээд байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus