Б.Гарамгайбаатар өртэй, өргүй
Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “...нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэжээ. Гэтэл зарим нэг хүмүүст ээнхүү хуулийн заалт огт хамааралгүй бололтой.

Гэвч дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэх боловч нэр дэвшиж байгаа Б.Гарамгайбаатараас өр нэхсэн хүмүүс хаана хандахаа мэдэхээ больсон гэнэ.

Б.Гарамгайбаатар нь  Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт нэр дэвшиж буй.

Түүний  хувьд дээрх мэдээлэлтэй холбогдуулан “ “Тэс петролиум” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд “Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй болно. Түүнчлэн надад шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр байхгүй ба миний зүгээс Сонгуулийн ерөнхий хороог хуурч мэхлээгүй” гэсэн мэдэгдэл гаргасан.

Гэтэл  “Тэс петролиум” ХХК-ийнхан 506 сая гаруй төгрөгийн авлагаа Б.Гарамгайбаатараас авч чадахгүй байгаагаа илэрхийлэн, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой уулзсан байх.

Нэр дэвшигч Б.Гарамгайбаатар "Мон-Роуд" компани нь Б.Гарамгайбаатарын 100 хувийн  эзэмшлийнх гэдгээ жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй дурьдсан нь олон нийтэд ил болсон.  Б.Гарамгайбаатарын тайлбараар бол ““Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй” гэсэн.

Гэтэл  “Мон Роуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх.

Ингээд “Тэс петролиум” ХХК-иас өнгөрсөн сарын 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Б.Гарамгайбаатараас өрөө нэхэмжилсэн мэдэгдэл хүргүүлсэн. Гэсэн ч энэ асуудлаар СЕХ ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.

Нэр дэвшигч Б.Гарамгайбаатар ч өөрийн 100 хувийн эзэмшилтэй компанийн нэр дээр бичигдсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж огт байгаагүй мэтээр ярьж, тайлбарлаж байна.

Үнэхээр Б.Гарамгайбаатарын тайлбарласан шиг  “Тэс петролиум” ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, зээл, шатахуун аваагүй ба түүнд аливаа өр, төлбөргүй бол шүүхийн шийдвэр зохиомол болж таарч байх шиг.

Шүүхийн захирамж бодитой юу, Б.Гарамгайбаатарын мэдэгдэл бодитой юу. Эргэлзээ төрүүлж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus