Нийслэлийн есөн дүүрэгт 397 санал авах байр ажиллана
Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Хурлаар Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун үүрэг даалгавар өглөө.   

Сонгуулийн Ерөнхий хорооноос “Нийслэлийн Сонгуулийн хороо”-г 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах, санал авах байруудад ажиллах боловсон хүчнийг сургах, гэрчилгээ олгох, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нарыг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгогч шилжих асуудлыг шийдвэрлэх, саналын хуудас хэвлүүлэх, санал авах байрыг бэлтгэх зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ажлуудыг хуулийн хугацаанд хийж хэрэгжүүлж байна.

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:
  • Баянзүрх дүүрэгт               - 220,130 буюу 23.8 хувь
  • Сонгино хайрхан дүүрэг  - 205,276 буюу 22.2 хувь
  • Баянгол дүүрэгт                 -140,846 буюу 15.2 хувь
  • Чингэлтэй дүүрэгт              -111.022 буюу 12.0 хувь
  • Хан-Уул дүүрэгт                  -105.874 буюу 11.5 хувь
  • Сүхбаатар дүүрэгт             -96.265  буюу 10.3 хувь
  • Налайх дүүрэгт                   -23,976 буюу 2.5 хувь
  • Багануур дүүрэгт                -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
  • Бага хангай дүүрэгт           -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгдсэн.
Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилов. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох юм.
Саналын хуудас нийслэлийн хувьд сонгогчийн тооноос хамаарч бусад орон нутгаас хэд дахин их хэмжээтэй байгаа бөгөөд 21 аймагт нэг сая саналын хуудас хэвлэж бэлдсэн бол нийслэлд 924,629 ширхэг шаардлагатай байгаагаас Сонгуулийн Ерөнхий хороо өмнөх жилүүдийн сонгогчдын ирцэд тулгуурлан дараах байдлаар саналын хуудсын тоог хуваарилав. Үүнд:
 
  • Багануур дүүрэгт               - 18,713
  • Бага хангай дүүрэгт           - 2,681
  • Баянгол дүүрэгт                 - 127,678
  •  Баянзүрх дүүрэгт              - 205,291
  • Налайх дүүрэгт                  - 22,999
  • Сонгино хайрхан дүүрэг   - 194,567
  • Сүхбаатар дүүрэгт            - 86,454
  • Хан-Уул дүүрэгт                 - 97,848
  • Чингэлтэй дүүрэгт             - 103,223 нийт 859,454 саналын хуудсыг хэвлүүлж дууссан бөгөөд 06 сарын 22-ноос эхлэн дүүргүүдийн сонгуулийн хороонд, 06 сарын 26-наас өмнө санал авах байруудад тараахад бэлэн болоод байна. 
Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • Санал авах байрны цахилгаан хангамж, аюулгүй байдал, мэдээлэл харилцаа холбооны найдвартай ажиллагаа, санал авах, тоолох ажиллагааг баримтжуулах камер, саналын хуудсыг хадгалах сейф, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц /телевизор, проектор/  зэргийн бэлэн байдал нийт санал авах байруудад хангалтгүй байгаа тул тухайн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн болон орон нутгийн байгууллагаас шилжүүлэн ашиглуулах асуудлыг шийдвэрлэх
  • Саналын хуудсыг тээвэрлэх, хадгалах өрөө тасалгааг урьдчилан бэлтгэх, саналын хуудсыг харгалзах индекс, тоо ширхэгийн дагуу санал авах байруудад хуваарилах, санал авах байруудад очсон саналын хуудасны аюулгүй байдлыг хангах
  • Нийслэлийн Онцгой байдал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн Улсын бүртгэл статистикийн газар, Мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар өөр өөрийн чиг үүргийн дагуу сонгуулийн зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх
  • Сонгуулийн сурталчилгаа явуулж байх үеэр иргэд хууль бус үйлдэл гаргаж, нэр дэвшигчдийн сурталчилгаааг үймүүлж, сурталчилгааны самбаруудыг урж, тасдаж байна гэсэн гомдол нэр дэвшигчдээс их ирж байгаа тул Улаанбаатар хотын цагдаагийн газар шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээг авч, гарсан шийдвэрийг сонгуулийн байгууллагуудад хүргүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Сонгогч бүр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг Улсын бүртгэл, стастистикийн ерөнхий газрын www.burtgel.mn веб сайт руу орж шалгах боломжтой. Мөн нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа мэдэж амжаагүй байгаа бол www.cityelection.ulaanbaatar.mn цахим хуудас болон 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus