Их Британи ЕХ-нд үлдэх үү, эс үлдэх үү

Их Британичууд Европын холбоонд үлдэх, эсвэл гарах гэсэн хоёр хариултын нэгийг ердөө хоёрхон хоногийн дараа сонгоно. Ийм чухал санал асуулгын өмнө аль аль байр суурийг дэмжсэн улс төрийн намуудын мэтгэлцээн ид идэвхжиж байна. Европын холбоонд үлдэхийг дэмжигч болон гарахыг дэмжигч гэсэн хоёр хэсэгт хуваагдаад буй Британид өнгөрөгч долоо хоногт түрхэн зуур элдэв сурталчилгаа намжаад байсан. Энэ нь сөрөг хүчний улстөрч эмэгтэйн үхэлтэй холбоотой байв. Тодруулбал, Английн Уэст Йоркшир мужийн номын сангийн өмнө Хөдөлмөрийн намын конгрессийн гишүүн Жо Кокс гэгч эмэгтэйг үл таних нэгэн эрэгтэй буудаж, дараа нь хүйтэн мэсээр эрэмдэглэн амь насанд нь халдсан аймшигт хэрэг гарсан.
 
Хэргийн дараа бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн ч, удалгүй нас баржээ. Хэрэг үйлдсэн этгээд 52 настай байсан бол хохирогч 41 настай хоёр ч хүүхдийн ээж байсан гэдэг. Тэрээр сүүлийн үед сошиал сүлжээгээр дамжуулан ард иргэдэд ЕХ-нд үлдэх сонголтыг хийхийг уриалж байжээ. Хэрэг пүрэв гарагиин үдээс хойш 13.00 цагийн үед гарсан бөгөөд хэрэгтэн анхны мэдүүлэгтээ “Би Их Британийн төлөө урвагчдыг цааш нь харуулах болно” гэсэн тухай зарим эх сурвалж онцолж байгаа юм. Ямартай ч, хэрэг гарсны дараа элдэв дуулиант мэтгэлцээн түрхэн хугацаанд намжмал байдалтай байсан ч, энэ сарын 19-ний өдрөөс эхлэн дахин эрчимжлээ.
 
Их Британи Европын холбоонд үлдэх ёстой гэсэн сонголтыг дэмжигчдийн хувьд Лондон хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо цугларч амиа алдсан улстөрчийн дурсгалыг хүндэтгэн дуугаа хураасан байна. Мөн эрх баригч Консерватив намынхан “Бид Европын холбоогоор дамжуулан дэлхийд нээгдэх болно. Үлдэх сонголтыг хийцгээе” хэмээн уриалжээ. Энэхүү цуглаан оролцож байсан нэг залуу “Сая гарсан хэрэг санал асуулгад хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй. Гэхдээ үлдэх сонголтыг хийх хүмүүсийн тоо улам их болоосой гэж хүсч байна” гэж ярьсан байна. Тэдний хувьд улстөрч Жо Коксын үхлийг өөрт ашигтайгаар эргүүлэхийг зорьж байгаа юм. Тиймдээ ч Жо Кокс агсны нас барахаасаа өмнө гарын үсэг цуглуулж байсан ЕХ-нд үлдэхийг уриалж буй баримт бичгийн албан ёсны вэб хуудастаа байршуулаад буй. Мөн “конгрессын гишүүн Жо Кокс ЕХ-нд үлдэхийг маш хүчтэй дэмжин байр сууриа илэрхийлж байсан. Энэ түүний сүүлчийн уриалга байсан” хэмээн уг баримт бичгийг тайлбарлаад байгаа юм.
 
Нөгөө талаар, гарах сонголтыг дэмжигчид ч гэсэн Лондон хотноо цугларч, “Улс орныхоо эрх мэдлийг гартаа эргүүлэн авчрах боломжийг алдахгүй” байхыг уриалжээ. Түүнчлэн, Лондонд ЕХ-оос Их Британи гарахыг дэмжигч нэгэн залуу үлдэхийг дэмжигчидтэй дүрвэгсдийн асуудалтай холбоотойгоор ширүүн мэтгэлцээн өрнүүлээд амжжээ. Ямартай ч, энэ пүрэв гарагт британичууд чухал сонголтын ард гарах учиртай. ЕХ-ноос Их Британи гарах эсэх асуудлаарх санал асуулга болоход хоёрхон хоногийн хугацаа үлдээд буй энэ үед хоёр хэсэг болон хуваагдсан ард түмэн нэг нэгнийхээ байр суурийг хамгаалахын төлөө мэтгэлцэж, тэрхүү мэтгэлцээн хоног дөхөх тусам улам ширүүсч байна.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus