Орон нутагт олноорооо “амрах” төлөвлөгөө хэнийх вэ
Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгогчдын нэрсийн жагсаалтад 924629 сонгогч бүртгэгдсэн гэдгийг дуулгаад байсан. Харин одоогийн байдлаар энэ тоо хэдээр буураад байгаа талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.  

Учир нь Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогч шилжүүлэх ажлыг дуусгавар болгох ёстой байгаа. Энэ нь сонгуулийн санал хураах өдөр өөрийн оршин суугаа газар санал өгөх боломжгүй иргэдэд шилжин очсон газраа саналаа өгөх боломжийг олгож байгаа гэсэн үг юм.

 Энэ дагуу МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Э.Эрдэнэжамъян өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдээлэл хийх үеэрээ “сонгуулийн өдөр MCS, Талх чихэр, Женко тур зэрэг томоохон компаниудын ажилчид Хөвсгөл, Баянхонгор аймгийн амралтын газруудад хэдэн зуугаараа амрах тухай яригдаж байгаа. Тэд санал өгөхийн тулд түр шилжиж хаягаа солиулсан. Энэ мэтээр 21 аймагт Улаанбаатар болон бусад тойрог дүүргээс хэдэн зуугаараа шилжиж байна” гэсэн юм.

Тэгвэл МАХН-ын штабын даргын мэдээллийг бататгасан хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн аймгуудын мэдээлэл олон нийтэд илд болсон юм. Тодруулбал,  Хөвсгөл аймагт гэхэд сонгуулийн тухай хуулийн 65,7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин очиж бүртгэлээ хийлгэсэн байна.  Үүнээс УИХ-ын 2016 оны сонгуулийн 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дугаар тойрогт 2400 орчим сонгогч шилжин очжээ.

Мөн Баянхонгор аймгийн 7 дугаар тойрогт 257 иргэн, 8 дугаар тойрогт 98 иргэн, 9 дүгээр тойрогт 1923 иргэн шилжин очиж, саналаа өгөхөөр болоод байгаа аж. Энэ мэт шилжилт хөдөлгөөн ихээр хийгдэж байгаа талаар мэдээллүүд гарсаар байна.

 Сонгуулийн тухай хуулийн “65.1.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө хэмээн заасан бол 65.2.Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтаар зохицуулж байгаа юм. 

Тэгвэл энэ асуудлыг тусгайлан шалгадаг Тагнуулын байгууллагын алба хэлтэс ажиллаж байгаа аж. Тус хэлтсээс шалгалт явуулж зөвхөн сонгуульд санал өгөх зорилгоор түр зуур шилжсэн хүн байх юм бол шилжсэн болон шилжүүлсэн хүнийг, үүнд оролцсон төрийн байгууллагын ажилтанд хуулийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулалт хийсэн байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus