Нэгдсэн төвүүд гадаад паспорт сунгахгүй

Энэ сарын 17-нд улсын бүртгэл, статистикийн өрөнхий газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалах боломжтой болгосон. Энэ талаар Улсын бүртгэл, статистикийн өрөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Нямцэцэгээс эарим зүйлийг тодрууллаа.
 
-Иргэд гадаад паспорт захиалахын тулд заавал 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төв орох шаардлагагүй болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Иргэдийн хувьд гадаад паспорт захиална гэдэг маш төвөгтэй асуудал байлаа. Паспортаа захиалахын тулд дугаарлаж зогсоно. Авахын тулд ч гэсэн дугаарлаж зогсч байж авдаг. Тиймээс манай улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлсэн.
 
-Энэхүү үйлчилгээг төрийн нэгдсэн төвийн үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэний бүртгэл, мэдээллийн газрын ачаалал буурч байгаа байх?
 
-Тийм. Гадаад паспорт захиалах үйлчилгээг төрийн нэгдсэн төвд шилжүүлснээр нэгдүгээрт иргэдийн хүлээлт, чирэгдэл арилах юм. Хоёрдугаарт, зуун айлд байрлах иргэний бүртгэл, мэдээллийн төвийн ачаалал багасах давуу талтай.
 
-Бүх нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалах боломжтой юу?

-Тийм. Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдээс гадаад паспортаа захиалах боломжтой. Иргэд өөрт ойр байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс гадаад паспортаа захиалж болно. Мөн уг үйлчилгээ төрийн нэгдсэн төвд шилжсэнээр олон давуу талууд бий болсон.
 
Тухайлбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм. Энэ мэтчилэн давуу талууд байгаа.
 
-Нэгдсэн төвүүдэд гадаад паспорт захиалахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
 
-Тухайн иргэн гадаад паспорт анх удаа авч байгаа бол иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримтаа авч ирэх хэрэгтэй. Харин хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол хуучин гадаад паспорт, иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримт шаардлагатай.
 
-Захиалсан паспортаа хаанаас авах вэ?
 
-Захиалсан  гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтой. Мөн захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.
 
-Гадаад паспортын сунгалт хийх үү?
 
-Үгүй. Зөвхөн гадаад паспорт шинээр захиалах бол төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаж болно. Хэрвээ гадаад паспортаа сунгуулах бол 100 айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.
 
-Өмнө нь 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст гадаад паспорт захиалсан байсан хүмүүс хаанаас паспортаа авах вэ?
 
-Өмнө нь гадаад паспортаа 100 айл дахь иргэний бүртгэл мэдээллийн хэлтэст захиалсан байсан хүмүүс тэндээсээ очиж авна. Нэгдсэн төвүүдэд шинээр захиалж байгаа хүмүүс очих юм. Зөвхөн гадаад паспорт захиалах үйлчилгээ нь л нэгдсэн төвүүдэд шилжсэн гэсэн үг. Харин сунгуулах үйлчилгээ нь 100 айлын иргэний бүртгэл, мэдээллийн хэлтэст хэвээрээ байгаа.
 
-Гадаад паспорт шинээр авах, сунгуулахад ямар үнэтэй байдаг юм бэ?
 
-Гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатайгаар шинээр авч болно. Жилээсээ хамаарч үнэ нь өөр. Тухайлбал, нэг жилээр гадаад паспорт авах бол 22500 төгрөгийн үнэтэй. Таван жилээр авах бол 32500 төгрөгийн үнэтэй байдаг. Хэрвээ гадаад паспортаа яаралтай ажлын гурав хоногт гаргахаар бол нэг жил, таван жил ялгаагүй 10 мянган төгрөг нэмэгддэг юм.
 
-Сунгуулахад ямар үнэтэй вэ?
 
-Гадаад паспортыг 1-5 жилийн хугацаатайгаар сунгуулах боломжтой. Нэг жилээр 4500, хоёр жилээр 6500, гурван жилээр сунгуулах бол 8500 төгрөгийн үнэтэй. Харин дөрвөн жилээр 10500, таван жилээр сунгуулбал 12500 төгрөг төлөх ёстой. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлж, гэмтээсэн
тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 40 мянган төгрөгийн торгууль оногдуулдаг. Энэхүү торгуулийг паспорт авах үнийн дүн дээр нэмж тооцож, авдаг.

-Ямар тохиолдолд гадаад паспортыг хүчингүй болгодог вэ?
 
-Гадаад паспорт хүчингүй болгох хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, эзэмших, ашиглах хугацаа дууссан, паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан байвал хүчингүй болдог. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол хүчингүй болгоно. Түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн, гадаад паспорт болон түунтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол тухайн иргэний паспортыг хүчингүй болгодог юм. Тухайн иргэн өөрийн болгоомжгүйгээс болж гадаад паспортаа гэмтээсэн, хаясан, үрэгдүүлсэн, эсвэл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн байвал мөн хүчингүй болгодог.
 
-Хүчингүй болгоход төлбөр хураамж төлдөг үү?

-Гурван тохиолдлоос бусад үед “Захиргааны хариуцлагын тухай хууль”- ийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Эзэмших, ашиглах хугацаа дууссан, паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан бол хариуцлага тооцохгүй. Мөн паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн байвал хариуцлага тооцдоггүй.
 

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus