Н.Ариунболд: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өчигдөр нээлтээ хийлээ.  Энэ үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа. 

-Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр нээлтээ хийлээ. Уг уулзалтын талаар ярихгүй юу? 
- 2014 онд Милан хотод болсон АСЕМ-ын 10 дугаар Дээд түвшний уулзалтын Даргын мэдэгдлийн хавсралтад тусгагдсаны дагуу АСЕМ-ын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсон. Үүний дагуу уг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм. Манай улсад анх удаа болох энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Европын холбооноос оролцож байна. 

- Уулзалтаар хэлэлцэх гол асуудал юу байх вэ?
- Энэхүү уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэнэ. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэгт түлхүү анхаарах юм.

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн дагуу явагдах болно.  Тухайлбал, Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа,  тээвэр ложистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга замын чиглэлээр ярилцана.

Хөдөө аж ахуйн салбарын тухайд органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, зах зээлийн чиг хандлага,генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага,мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлыг хэлэлцэх учиртай.Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудлууд зэрэг илтгэлүүд тавигдах юм.
 
-Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах нь дэлхийн улс орнуудын хувьд ямар ач холбогдолтой вэ? 
 
-Уулзалтын зорилго нь Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох явдал. “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-ын үр дүнд гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчдөөр батлуулан 11 дэх “АСЕМ-ын дээд түвшний уулзалт”-д хүргүүлэх юм.

Энэхүү зөвлөмж нь улам бүр хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулан тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх ёстой.

-Уг уулзалтын хүрээнд манай талаас ямар санал, санаачилга гаргаж байгаа вэ? Тухайлбал манайх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад нэлээд хүндрэлтэй байдаг шүү дээ. Энэ асуудлыг ярилцах уу?
-Бидний гол зорилго энэ байна. АСЕМ-ын хүнс, хөдөө аж ахуйн уулзалтын үеэр Монголын хөдөө аж ахуйн гаралтай  бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж бололцоог нэмэгдүүлэх байгаа. Ингэхийн тулд тулгамдсан ямар асуудал байна, гарц шийдэл юу байна гэдгийг эрэлхийлнэ. Бүтээгдэхүүнээ танилцуулна. Сайн чанарын, экологийн гаралтай бүтээгдэхүүнийг  гаргах асуудлыг судалж, олон улсын стандарт  ямар байна, чанарын шаардлагыг хэрхэн хангах зэргийг судалж, олон улсын байгууллагуудаас судална. 

-Хүнсний аюулгүй байдал гэдгийг Монгол улс юу гэж ойлгож байгаа юм, үүнийгээ эдийн засагтайгаа хэрхэн уялдуулж байгаа вэ гэж түрүүнд нэг төлөөлөгч асууж байна лээ. Энэ талаа дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
-Хүнсний аюулгүй байдал гэдэг хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Ийм ч учраас энэ асуудлыг нэн тэргүүнд тавьж, АСЕМ-ын хүрээнд нэг салбар хурлыг зохион байгуулж байна. Ер нь ганц манай улс гэлтгүй  бүх л улс орон хүнсний аюулгүй байдалдаа хамгийн ихээр анхаарал хандуулдаг.  Уг асуудлыг хариуцсан байгууллагууд нь маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Манайд бол мэргэжлийн хяналтын байгууллага анхаарал тавьдаг. ОУ-д ямар стандарт мөрдөж байна. Үүнд нийцэж байна уу үгүй юу гэдэг их чухал. Аль болох дэлхийн жишигт нийцүүлж ажиллахыг эрхэмлэдэг. 

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн  ДНБ-ий хэдэн хувийг эзэлдэг вэ? 
-Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд зах зээлд эзлэх байр суурь маш бага байдаг. Тийм ч учраас бид энэхүү уулзалтын үеэр уг асуудлыг хөндөж, хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах асуудлыг  танилцуулна. Үүний үндсэн дээр Монгол улсын бүтээгдэхүүнийг  олон улсын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлнэ. Сүүлийн үед  Монгол улсын махыг экспортод гаргах ажил нэлээд урагшилж байна. 

-Манай улсын хувьд сүүлийн 10 жилд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн үү , буурсан уу? 
-Өнгөрсөн жил 54 сая толгой мал тоолуулсан. Малын тоо өсөж байгаа  ч мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт төдийлөн өсөхгүй байна.  Өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд ОУ-ын дүрэм журамд нийцсэн сайн чанарын бүтээгдэхүүн гаргах шаардлага байгаа юм. Бид  экспортыг нэмэгдүүлэхээр гадаад улсаас зээл тусламж авч байгаа бол мах боловсруулах үйлдвэрт зарцуулах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлж, олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. 

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus