Хувьцааныхаа мөнгийг салхинд хийсгэчихэв дээ

Тэртээ 1990 онд аав, ээж минь боломжийн ажилтай, бид ч цалин мөнгө гайгүй авдаг дажгүй амьдралтай хүмүүсийн тоонд ордог байлаа шүү дээ. Гэтэл гэнэт л нэг өглөө ажилдаа очиход ажлыг нь төрийн мэдлээс гаргаж, хувь хүнд очсон байв. Тухайн үед хувьцаа, цэнхэр ягаан тасалбар, хувьцаа эзэмшигчдийн талаар ямар ч ойлголтгүй байсны улмаас ноогдол ашиг энэ тэр гэж нэхэлгүй, тэр чигт нь орхисон түүхтэй. Харин 2011 онд Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өгсөн. Энэхүү хувьцаа өнгөрсөн таван жилийн хугадаанд амьгүй байсны эцэст сая нэг амь орлоо.
 
Засгийн газар ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
 
“Сайн хувьцаа” хэмээх энэ арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна. Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан.
 
Нийт хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжуүлсэн байна.
 
Эдгээрээс бусад сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авахаар болсон.
 
“Эрдэнэс Таван толгой” ХК- ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах иргэд өнгөрөгч даваа гарагаас арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж эхэлсэн бөгөөд баасан гарагийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ банкинд гаргасан байна билээ. Албаныхны мэдээлж буйгаар хүсэлт гаргаснаас долоо хоногийн дараа эхшй 100 мянган төгрөг дансанд нь орох учиртай. Тэгвэл Засгийн газрын шийдвэрийн үр дүн өчигдрөөс гарч, иргэдийн дансанд хувьцааны эхний ээлжийн 100 мянган төгрөг орлоо. Гэтэл нөгөөтэйгүүр хувьцаагаа зарах нь ямар ч ашиггүй, хадгалж байсан нь дээр, илүү их үнэд хүрнэ гэсэн хүмүүс бий. Яах вэ хүн хүний л дур. Үндсэндээ одоо Засгийн газрын худалдаж авч буй хувьцааг эргүүлээд иргэд худалдаж авах эрх нь нээлттэй болохоор үүнд нэг их санаа зовох шаардлага үгүй байх.
 
Харин хувьцаагаа зарсан иргэд минь Баабар гуайн хэлснээр “Олсон мөнгөө бүгдээрээ хувааж аваад жорлон руу асган нийтээр архидан согтуураад өнгөрөх вий” гэдэг шиг юм болов. Хүн бүхэн орж ирсэн мөнгөө дураараа зарах эрхтэй ч, хувьцааныхаа мөнгийг л салхинд хийсгэлгүй, юм болгочихвол хэрэгтэй байх даа.

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus