Мал аж ахуйн тээвэр логистикийн асуудлыг онцлов
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр нээлтээ хийлээ. 

ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болж буй голлох уулзалтын нэг хэмээн онцлов. Тэрбээр, "АСЕМ нь Ази Европ хоёр тив хоорондын яриа хэлэлцээний хамгийн чухал механизм бөгөөд хүнсний аюулгүй байдлын асуудал дээр талууд бие биенээсээ суралцах, зөвлөлдөх, тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлаа ярилцах, санал санаачилга гаргах зүйл их бий хэмээн бодож байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас гарах санал санаачилгыг нэгтгэн ирэх сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргүүлэх нь чухал" гэлээ.

Энэхүү уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэнэ. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшнийг  тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэгт түлхүү анхаарах юм.

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн дагуу явагдаж байгаа бөгөөд  өнөөдрийн уулзалтын эхэнд Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга замын чиглэлээр ярилцлаа. 

Монгол улсын хувьд  нэг хүнд ногдох мал, малын гаралтай бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлдэг хэдий ч  махан бүтээгдэхүүний экспорт, чанар аюулгүй байдал төдийлөн олон улсын чанарт нийцдэггүй. Мөн сүүлийн жилүүдэд тээвэр логистикийн асуудал хурцаар яригдах болсон. Энэ нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ачаа тээврийн бүртгэл хийгддэггүй зэрэг хүчин зүйлүүдээс  болдог гэдгийг өнөөдрийн хуралдаанд оролцогчид онцлов. Цаашид үүнээс гарахын тулд  логистикийн төв байгуулах зайлшгүй шаардлагатайг  мөн  хэлж байв. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын тухайд органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, зах зээлийн чиг хандлага, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлаар илтгэлүүд тавигдаж, санал солилцлоо.  

Уг уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус
байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч нар оролцож байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus