Н.Ган-Од: М.Нарантуяаг хүнийг гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр цагдаад  өгнө
Өчигдөр орой буюу зургаадугаар сарын 19-нд Ганбууш буюу Н.Ган-Одыг Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд  саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг ямар үндэслэлээр ийн саатуулсан нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Н.Ган-од дөнгөж сая өмгөөлөгчийнхөө хамтаар уг асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

Түүнийг  олон нийтийн сүлжээгээр цацсан   бичлэгтээ холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын хоёр ажилтан БНСУ-руу нисэх гэж байхад нь саатуулан, улмаар Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн  тайлбар авсан байна. Улмаар түүний гадаад паспортыг нь  хураан авчээ. Харин өнөөдөр Улсын мөрдөн байцаах газраас  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг дүүрэг рүү буцаасан байна. Гэвч гадаад паспортоо буцаан аваагүй бөгөөд БНСУ-руу эмчилгээнд явах нь ийн саатаад байгаа аж. 
 
Тэрбээр энэ талаар дараах зүйлийг ярилаа. “Өчигдөр орой намайг Эрүүгийн цагдаагийн газрын эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа түмэн олны нүдэн дээр нисэх буудлаас саатуулан авч явсан. Энэ нь надад үнэхээр хүнд туссан. Цагдаа нарт намайг шалгах асуудал байсан бол аль эрт дуудаад  байцаалт байна уу тайлбар байна уу тэрийгээ авч болох байсан ч заавал намайг олны нүдэн дээр, хүмүүсийн дундуур авч явсан нь үнэхээр хүнд туссан. Би тэр бичлэг дээр хэн нэгэн хүний нэрийг огт хэлээгүй. Ямар нэгэн хүний захиалгаар хийгээгүй. Би өөрөө телевизийн зураглаач мэргэжилтэй, хувьдаа камертай хүн. Тэр Монгол төрийн босго ийм хялбар болсон юм уу гэдэг бичлэгийг гэртээ хийсэн. Монголд М.Нарантуяа ганцаараа Японд очиж ажилласан юм уу, тэр ганцаараа цэнхэр хослолтой УИХ-д нэр дэвшсэн юм уу үгүй шүү дээ. Яагаад бүхнийг өөртөө тусгаж аваад миний нэр төрд халдаж байгаа юм. 2016 оны 6 сарын 11-ний өдөр телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ миний нэр төрд халдаж, намайг гутаан доромжилсон энэ асуудлаар би М.Нарантуяаг  цагдаад өгч  шалгуулна. Нара намайг  байгалиасаа хүүхэд гаргах боломжгүй хүн гэж хэлсэн. Гэтэл би насаараа хүүхэдтэй болохыг мөрөөдсөн хүн энэ нь намайг үнэхээр их эмзэглэхэд хүргэсэн. Мөн тэр бичлэгийг хоёр өрөө байр авч, хийсэн гэсэн. Гэтэл би хэзээ ч, хэнд ч үзэл бодлоо худалддаггүй. Үнэхээр төрийн сэнтийн босго ийм намхан болсонд харамсаж, өөрөө бичлэгийг хийсэн гэдгээ дахин хэлье“ гэлээ. 

Дашрамд дуулгахад, Н.Ган-Од нэр дэвшигч М.Нарантуяаг хүний нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол гаргахаар болсон байна. Мөн ХҮЭК болон олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus