Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа

Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт
1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна.

Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа ажээ.

“Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих, зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.
Хөтөлбөрт 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
“Сайн дадлагажигч” хөтөлбөр хэрэгжсэнээр хөдөлмөрийн насны иргэд өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажих, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах, дэвшилтэт техник, технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэх боломж бий болохоос гадна Монгол Улс гадаад улсын хамтын ажиллагаа сайжирч, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаар төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.

Түлш, эрчим хүчний үйлдвэр, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт болон зам тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллан, бүх шатны сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Эрчим хүчний үйлдвэр, компаниудад 2017 онд шаардлагатай байгаа эрчим хүчний алдагдлын татаасын санхүүжилтийн тооцоог хянаж, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгов.

Түлш, эрчим хүчний салбарт 95 тэрбум төгрөгийн  их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын 1537 ажил хийгдэж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-ний байдлаар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 29.5 хувьтай байна. Үүнээс дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 30.8 хувь, дулааны станц, дулааны шугам сүлжээнүүдийн өвлийн бэлтгэл ажил 26.4, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ компаниудын өвлийн бэлтгэл 27 хувьтай байгаа юм. 9 дүгээр сарын 1 гэхэд засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусган, бүх станцуудад 20 хоногийн нүүрсний нөөц үүсгэж,  өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахаар ажиллаж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт мэдээллээ.

Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийг баталлаа

 “Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд олголоо.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилтыг биелүүлэхэд төмөр замын ачаа тээвэрлэлтийн гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Монгол Улсын экспортын ачааг төмөр замаар дамжуулан тээвэрлэх нөхцөлийг тохиролцох талаар Оросын талтай 2009 оноос хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд хоёр талын тээврийн асуудал эрхэлсэн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн яамд хамтран, тууштай ажилласны дүнд хэлэлцээрийн төслийг эцэслэн тохироод байна.

Узбекистан улсад 6 дугаар сарын 23-24-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Энэнхүү хэлэлцээрийг байгуулснаар талуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын ачаа тээвэрт уян хатан бодлого хэрэгжүүлж, бусад чиглэлүүдтэй харьцуулсан төмөр замын ачаа тээврийн тарифын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хангаж ажиллана. Мөн төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх болон далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Товч мэдээ
·  “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд үүрэг болголоо.
·  2016 оны эхний хагас жилд “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
·  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Австрийн Вена хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Жигжидэд даалгалаа.
·  Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
·  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн энэ сарын 5-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus