С.Жаргал: Намынхаа хөтөлбөрт орсон Жаргалын найман хот барих ажлыг ихэд дэмжиж байгаа

 УИХ-ын Сонгуулийн 49-р тойрогт нэр дэвшигч С.Жаргалын MNB TV-д өгсөн шууд ярилцлага.

Сэтгүүлч: Сонгууль 2016 шууд нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Монголын үндэсний олон нийтийн телевизийн 150 студиэс үзэгч та бүхэндээ шууд хүрч байна. 2016 оны УИХ-ын Сонгуулийн 49-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Сандуйн Жаргал хүрэлцэн ирсэн байна. Танд оройн мэндийг хүргэе!

За үзэгчид маань таныг бас сайн мэдэж байгаа 2004-2008 онд Хэнтий аймгийн Засаг даргаар  ажиллаж байсан. Аа бас Монголын морин спорт уяачдын холбоонд та маш их үүрэг гүйцэтгэсэн хүн, манай морин спорт сонирхогч хүмүүс энэ тухай мэддэг, бас JCI гээд олон нийтийн байгууллага байдаг шүү дээ. Тэнд бас Ерөнхийлөгчөөр нь томилогдож байсан гээд олон нийтийн маш олон ажил хийж та өөрийгөө таниулсан гэж би бодож байна, үзэгчид санал нийлэх байх. Гэхдээ үзэгчид маань Сандуйн Жаргал яагаад одоо УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших болов гэж бодож байгаа болов уу? Өөрөөр хэлбэл танилцъя гэж байгаа байх.

Миний бие Сандуйн Жаргал 1965 онд Улаанбаатар хотын нэгдүгээр төрхөд төрсөн. 12-р хороолол 14-р байр Туннелийн баруун үзүүрт өсч, урд байсан залуу байгалчдын станцаас жимс түүж идэн, 22-р цэцэрлэгт явж, зөвлөлтийн 14-р сургуульд сурч, тэр үеийн Найрамдалын районд өсөн торниж сургуулиа төгссөн. Зөвлөлтийн 14-р сургуулийг төгсөөд Оросын Ленинград хотын цахилгаан техникийн дээд сургуульд явж суралцсан. Хүрч ирээд миний анхны хөдөлмөрийн гараа бас Баянзүрх дүүрэгтэй холбоотой байсан. Эрүүл ахуйн халдвар нян судлалын институтэд НҮБ-ийн 8703 төсөл дээр 3 жил гаруй ажиллаж байсан юм. Тэгээд бусад ажлын туршлага гэвэл 90-ээд оноос Ардын банкны гадаад харилцааны даргаар 3 жил, мөн Худалдаа бэлтгэлийн яам, хоршоодын холбооны гадаад харилцааны даргаар 3 жил ажиллаад Зоригт трэйд хувийн компаниа 1994 онд байгуулсан. 2004 онд Хэнтий аймгийн Засаг даргаар сонгогдож 4 жил ажиллаж дадлага туршлага хуримтлуулж явсан. Аймгийн даргын ажлаа өгөөд Энэтхэгт явж дахиж суралцсан. Тэрний дараа Хөтөл цемент шохойн хуурай аргын цемент хийх үйлдвэрийн төслийн даргаар жил гаруй ажилласан. Дараа нь хувийн хэвшлийн Алтан орд гэдэг барилгын цогцолборт ажиллаж тэгээд бас Хэнтийдээ нэг жуулчны компанийг ажиллуулж ирсэн.

Сэтгүүлч: Ерөнхийдөө түүх намтар их арвинтай, тэгээд Энэтхэгт явж байхдаа бас нилээдгүй туршлага судлаад бас адал явдалтай явж байсан байна. Тэр маш олон хүн амтай орон тиймээс сүүлийн үед мэдээлэл технологийн салбараараа дэлхийд тэргүүлж яваа бидэнд бас тэр улс орноос суралцах зүйлүүд их бий, та бас удирдах ухааны хүн тиймээс ингэж явж байхдаа юуг олж мэдэж авсан бэ?

Би анх бол 1998-2000 онд Голланд-ын  Маастрихтийн сургуулийн ерөнхий болон стратегийн менежментийн магистр хамгаалсан юм. Хэдэн жил болсны дараа 2010 онд Энэтхэг рүү явахад надад 2, 3 бололцоо байсан л даа Америк руу явах, тэгээд би Энэтхэг рүү явахыг сонгосон юм. Энэтхэг бол бид нартай түүх соёлоороо ойр, Азийн орон илүү их хөгжиж байгаа. Хятад Энэтхэг том орнууд юм. Нөгөө талаасаа Буддын шашин сургаалыг бас үзье, судлая, сонирхоё гэж би явж байсан. Энэтхэг бол надад их том ухаарал өгсөн, өнөөдөр Монголчууд бид нар цэнгэг цэвэр ус ууж байгаагаа үнэлж мэддэггүй. Тэндээ байхдаа Монголчууд ямар азтай ард түмэн бэ, үнэхээр алтан дээр суусан хүмүүс юмаа гэдгийг, ус ер нь хамгийн үнэтэй зүйл юмаа гэдгийг мэдэрсэн. Тэр халуун оронд ус нь байнга өмхийрч байдаг, тэгээд нян их хурдан үржиж байдаг, бас тэрний хэмжээгээр ургамал их хурдан ургадаг юм байна гэдгийг ойлгосон. Бас би аялах дуртай хүн 45 орноор явж үзсэн. Энэтхэгт очихдоо бол Люмбини гээд бурхан багшийн төрсөн газар, Бодигаяа, Дарамсала гээд Энэтхэгийн нилээн хэсэг газраар явж үзсэн. Тэгж явж байхад бол олон сонин хачин юмыг үзэж байсан. Нэг юм би эцэстээ олсон гэвэл заавал тэр хол явснаас бид нар Дорноговьд байдаг Хамрын хийд очиход л  Монгол хүн тэр хэмжээний мэдлэг, мэдрэмж авах бололцоотой.

Сэтгүүлч:Та 2004-2008 онд Хэнтий аймгийн Засаг дарга хийж байсан. Энэ хугацаандаа юу хийж бүтээсэн вэ? Нутгийн зон олон таныг юу хийснээр дурсан ярьдаг вэ?

2004-2008 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнө нь Хэнтий аймгийн агентлагууд ажлаараа сүүл мушгидаг байсан. Намайг ажиллаж байх үед 14 агентлаг ажлаараа улсдаа тэргүүлсэн.Санхүүгийн сахилга батаар Хэнтий аймаг Улсдаа тэргүүлж манай санхүүгийн хэлтсийн дарга Ганбат Алтан гадас одонгоор шагнуулж байсан. Миний аймгийн дарга байх үед Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болсон. Тэр арга хэмжээг сайн зохион байгуулж, мод тарьж, шилдгийн шилдэг цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гэсэн өргөмжлөлийг тухайн үеийн Ерөнхий сайд байсан Энхболдоос авч байсандаа баярладаг. Олон мод тарьж байсан. Тал нь ургасан, тал нь ургаагүй. Дадлага туршлага хуримтлуулсан. Дэд бүтэц нь хөгжсөн сайхан аймаг болгосноороо бахархдаг. Энэ олон бүтээн байгуулалтын хажуугаар хамгийн их бахархдаг зүйл гэвэл тухайн үед Хэнтий аймгийн газар нутгийн 53 хувьд хайгуулийн лиценз олгогдсон байсан. Тэр үеийн олигархууд тэр лицензийг эзэмшдэг байсан. Үүнийг таслан зогсоож 450 лиценз цуцласан. Эрх мэдэлтэй хүмүүүс дургүй байсан ч төрийн хүн зөв юм хийвэл болдог гэснийг харуулсан. Хэнтий аймгийн газар нутгийг лицензээс чөлөөлж газар нутгийн 13 хувь лицензтэй үлдсэн. Тэр нь их том амжилт байсан. Би анд дуртай хүн. Сүүлд нэг явж байхад нэг ууланд үргээлэг хийлгэсэн хэдэн залуучууд гарч ирээд өө даргаа үргээгээд өгье. Хэрэв та байгаагүй бол энэ газар чинь нүх болчихсон байх байсан гэж хэлсэн. Би үүнд их баярлаж явдаг ямарваа ч нутгийн ард түмэн сэтгэлтэй байна. Ер нь бид байгалийн баялаг аа хамгаалах ёстой. 2004-2008 онд тэр зоригтой алхмуудыг хийгээгүй бол Эзэн Чингисийн нутгийн нилээд хэсэг хөрсний эвдрэлтэй болох байсан.

Сэтгүүлч: Мөн та Хөтлийн цементийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан энэ маш том үйлдвэр. Ялангуяа барилга байгууламж барих үед дотооддоо бид барилгын материалын үйлдвэр, цементийн үйлдвэртэй байх нь чухал.

Энэ маш чухал энэ Хөтлийн цемент шохойн үйлдвэрийг 1978 онд ОХУ-ын Косыгины тушаалаар шийдвэр гаргаж  барьж эхэлсэн. 500 000 тонн цемент хийдэг хоёр шугамтай. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал, зах зээлийн шилжилт, сэлбэг ховор зэрэг олон асуудлаас болж үйлдвэр маань зогсонги байдалд орсон. Сүүлийн үед Монголын үндэсний компаниуд хөрөнгө оруулаад сая тонны шугам барихаар шийдсэн. Энэ үед би Энэтхэгт сурч байсан төгсөөд ирэхэд төслийн даргаар ажиллах санал тавьсан. Би зохион байгуулах чадвартай байсан. Хамгийн гол нь монголын үндэсний компаниуд нийлж ийм ажил хийхээр болсон сайхан боломж таарсан. Энэ Монголын бүтээн байгуулалтад хувь нэмэр болж байна. Бид улс орноо хөгжүүлье гэж бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих учиртай. Сүүлийн хэдэн жил энэ асуудал түлхүү явлаа.  Үүний үр дүнд 20-иод мянган орон сууц барьсан юм. Эдийн засгийн хямрал бидэнд нүүрлэж байна. Монгол орон ирээдүйгээ бодвол ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх ёстой. Гадаадын хараат бусаар барилгын үйлдвэрээ хөгжүүлэх нь үүнд хамаарна.

Сэтгүүлч: Ер нь МАХН-ын хөтөлбөрт байгаа барилгын хот байгуулалтыг дэмжих, үйлдвэржилтийг дэмжих,  энэ жаргалын 8 хот байгуулах тухай ярина уу? Та барилгын салбарт зүтгэж байсан. Энэ маш нарийн цогц бодлого байх ёстой гэж та ярьдаг хүн.

Манай намын хөтөлбөрт жаргалын 8 хот барина гэж орсон. Миний нэр орсон ийм сайхан ажил байгаад би бас баярлаж байна. Энд нь бас хүчин зүтгэе гэж бодож байна. Аймгийн дарга хийж байсан болон олон жилийн туршлагаа ашиглаж хүчин зүтгэе. 8 хот гэдэг нь Улиастай, Ховд, Хархорин, Чойр, Эрдэнэт, Дархан, Чингис, Чойбалсан. Энэ хэвтээ тэнхлэгт байгаа хотуудаа 21 стратегийн ордоо түшиглүүлээд, Төмөр замаар холбоод сайхан болгох нь Монгол Улсын хөгжилд нөлөөлнө. Намайг аймгийн дарга байхад 2020 он хүртэл тогтвортой хөгжлийн баримт, 2030 он хүртэл хөгжлийн баримт гарч байсан.  Энэ суурин дээр манай намын эрдэмтдийн баг гарч ирээд энэ ажлыг хийж байгаа. Энэ 8 хотоо хөгжүүлвэл ажилтай, орлоготой сайхан амьдрах боломжтой болно. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулаад тухайн орон нутагт гэрэл, цахилгаантай , эрчим хүчтэй, орон нутгийн үйлдвэрүүдтэй, их дээд сургуультай, 100-150 мянган хүнтэй хот байгуулахаар мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Өнөөдөр төр засаг энэ цөөхөн 3 сая хүнээ сайхан амьдруулья гэвэл үүнийг хийх ёстой. Бид нар энийг эхлүүлнэ. Манай мөрийн хөтөлбөрт орсон бүх зүйл манай намын эрдэмтдийн мэдлэг чадвараас урган гарсан учир, би энд итгэж намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж сонгуульд оролцож байна.

Сэтгүүлч: Та Улсын Их Хурлын Сонгуулийн 49 тойрогт МАХН-с нэр дэвшиж байгаа. 49 тойргийн онцлог, яагаад энэ тойргоос дэвшиж байгаагаа хэлнэ үү?

Би энэ тойрогт, өсч өндийсэн. Манай аав Сандуй гэж хүн Хөдөө аж ахуйн яаманд насаараа ажилласан. Микр бол сэхээтний дүүрэг, түннелийн урд тал, түннелийн хойд талынхнийг жоохон байхаасаа таньж мэддэг. Манай эгч нар 33,48 төгссөн дандаа онц сайн дүнтэй, алтан медалтай. Химийн сонгон сургалтыг 33 сургуульд эхлүүлж байсан манай Эрдэнэцэцэг эгч, сургуулиа алтан медальтай төгсөөд Багшийн дээдийг төгссөн. Энэ газарт би өөрийгөө өртэй гэж боддог энэ газраа хөгжүүлье гэж бодож байна. Миний тойрогт 21, 27, 2 хороо ордог. Энэ бол хуучин Цагаандаваа,  Ганц худгийн хэсэг. Хүмүүсийг орлоготой, ажилтай болгож энэ цөөхөн хорооны дэд бүтцийг сайжруулж гэрэлтэй, гэгээтэй хүмүүс нь сайхан амьдардаг болгох бүрэн бололцоо байна. Одоо бол плакатаар биш, гэрэлт зургаар биш ажлаараа уралдах цаг. Юм хийдэг, бүтээдэг нь бодоод, тооцоод, төлөвлөөд хэрэгжүүлдэг цаг. Би энэ 49 тойрог оо мэддэг, өссөн, төрсөн газар учраас амьдралын 40 жилээ зориулсан байна. Тийм учраас энэ 49-р тойрогт нэрээ дэвшүүлж, юм хийе, бүтээе гэж бодож байна. Би 5 хүүхэдтэй. Манай том нь хүү, 4 охин хүүхдүүд маань хотод төрж өссөн. Ажлын шаардлагын дагуу 4 жил Хэнтийд ажилласан, юм бүтээсэн. Энэ туршлага, чадвараа 49 тойрог, Сансар, 21, 27, 2 хороонд зориулж сайхан дүүрэг болгое гэж бодож байна.

Сэтгүүлч: Ярилцлага өндөрлөх цаг дөхлөө. Хариуцлагтай үе хаяанд ирлээ. 2016 оны Сонгуульд залуучууд, ард иргэдээ оролцооч гэж хүсмээр байна.

Бүх Монголчууддаа сонгуульдаа бид оролцох ёстой гэж уриалмаар байна. Сонгуульдаа оролцохгүй болохоор 25 жил хөгжихгүй байна.  Одоо сонгуульдаа оролцоод, шинэ сонголт хийгээд, өөрчилсөн шиг өөрчлье. Монголоо хөгжих замд нь оруулмаар байна. Энэ хүмүүст итгээд амьдрал доройтсон гэж. Бид дараад нь ярьдаг. Олон жил ингэж ярьсан. Бүх Монголчууд 6 сарын 29-нд эрт босоод ойрхон хэсгийн хороондоо очоод  саналаа өгөөд Монголоо хөгжүүлэх, өөрчилсөн шиг өөрчлөх, итгэл даах хүмүүсийг сонгоорой гэж уриалъя.

Сэтгүүлч: УИХ-ын Сонгууль 2016  шууд нэвтрүүлэгт Улсын Их хурлын 49 тойрогт МАХН-аас нэр дэвшигч  Сандуйн Жаргал оролцлоо. Таньд баярлалаа. Амжилт хүсье.



МАХН-ын сонгуулийн штаб

 

Бусдад түгээх
  • gplus