Тэнцвэр, бас дахиад тэнцвэр...
Амьдрал ядуурсаар. Төр үрэл­гэн байгаагийн бурууг ард түмэн үүрч, тарчлан зовж байна. Харин эрх баригчид энэ гай зовлонгийн та­лаар “Эдийн засгийн хям­рал”, “Үгүй, эдийн засгийн удааш­рал” гэлцэн маргаж, яруу найр­гийн мэдрэмжтэй зарим нэг нь “Эдийн засгийн биш, эвнэг­дэл­­гүйн хямрал нүүрлэлээ” гэхч­лэн толгой холбоцгооно.

Гэх­дээ үнэн хэрэгтээ тэд яг юу бо­лоод бай­гааг, “салхи” хаашаа эр­гэс­нийг тун ч сайн мэдэж бай­гаа. Яг таг, шууд ярихаасаа л бол­гоомж­лоод бай­на. Хэрвээ үнэнийг хэлж чад­дагсан бол “Манайхаан, гу­рав­дагч орнуудаас хөрөнгө оруу­лалт орж ирэх магадлал маш ба­га, ба­раг байхгүй шүү. Ашигт малт­ма­лын тухай, Гадаадын хөрөн­гө оруулалтын тухай хуулийг шинэ­чил­лээ гээд тэд орж ирэхгүй, асуу­дал биднээс хамааралгүй бол­сон” хэмээн дуу алдах байсан биз.  “Иргэд тайван байх нь надад илүү ашигтай” гэж боддог боло­хоор эрх баригчид бүх зүйл тай­ван амгалан байгаа мэтээр ойл­гуулахыг үргэлж оролддог бол сөрөг хүчин байдал улам муудаж байгаа гэсэн мэдээллийг түгээх нь элбэг.

Иргэд алинд нь итгэхээ мэдэхгүй будилдаг. Тэгвэл  эдийн  засаг­чид л жинхэнэ үнэн мэдээллийг өгч чаддаг билээ. “Хулан наадахад хулганууд сүйддэг” гэж үг бий. Дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүд АНУ, Их Британи, Герман нэг талд, ОХУ, БНХАУ нөгөө талд бодлого явуулж, эдийн засаг, улс төрийн харилцаагаа гүнз­гийрүүлэх замаар бусад улс орнуудад өөрсдийн нөлөөллийг тогтоохыг эр­мэлз­дэг. Үүний үр дүнд эрх ашиг нэгтэй бүлэг­лэ­лүүд болон хуваагдчихаад байгааг бид бүхэн харж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Шан­хайд болсон Азийн удирдагчдын уул­залтын үеэр БНХАУ-ын удирдагч Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пу­тинтай уулзаж, худалдаа эдийн зас­­гийн хамтын ажиллагаагаа өргө­жүү­лэх эхлэлийг тавьсан. Украины хэрэг яв­дал, ОХУ БНХАУ ашиг сонирхлоороо нэгд­сэн зэрэг үйл явдлууд манай улсын байр суурьт хүссэн хүсээгүй өөрчлөлт оруулчихлаа. Газар зүйн өвөрмөц байрш­лаасаа болоод бид үүнийг хүлээн зөв­шөөрөхөөс өөр аргагүй. Хоёр хөрш гу­равдагч орнуудтай “муудчихлаа”, гүй­­цээ. Том гүрнүүд нөлөөлөлдөө байгаа ор­нуу­даар хүссэнээ хийлгэдэг. АНУ, Их Бри­тани, Франц зэрэг томчууд бусдыг да­рамтлахаараа өөрсдийнх нь банкинд бай­ршуулсан хөрөнгийг нь царцаадаг. Ливи, Египет гээд ойрхоны жишээ байна. Тэднийг ингэж хөдлөхөд Канад, Голланд, Бельги гээд Хойд Америк, Европын бусад орнууд дуу нэгтэй дагадаг билээ. Гэвч энэ нь үнэндээ дагаж байгаа хэрэг бус, дагахыг тулгаж байгаа хэрэг. Одоо Монголд болоод байгаа үйл явц үүнтэй ялгаагүй.

Бид шатах тослох материалын хэ­рэг­цээгээр 100 хувь ОХУ-аас хараат. Хүнс­ний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ бараг бүгдийг нь шахам Хятадаас авдаг. Хятад, Орос хоёрын “атганд багтсан” гэсэн үг. Өөрсөдтэй нь муудалцсан хүний “атганд” байгаа айлд баруун орнууд хөрөнгө оруулах уу. Оруулсан хөрөнгийг нь нэг л өдөр “цар­цаавал” яана. Өөрсдөө тийм муухай юм хийж гаршсан улс тэр зэргийн санаа гаргах нь ойлгомжтой. Тийм ч учраас бид одоо гуравдагч хөршөөс том хөрөнгө оруулалт горьдоод нэмэргүй. Харин алдсан энэ боломжоо хоёр хөрш болон цаашид “нэг талд” орж байгаа бусад орнуудаас хэрхэн нөхөх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь илүү ашигтай. Бодлого ч яг энэ чигт явж байгаа. Энэ бол бидний зайлшгүй давж туулах даваа, зайлах аргагүй зам юм.   
   
Хойд хөршийн Гадаад харилцааны сайд С.Лавров Крымыг тойрсон асуудал ид өрнөж байх үед сэтгүүлчийн “Яг юу болоод байна вэ” гэсэн асуултад “дэлхийг дахин өөрчлөн байгуулах цаг болсон байна” гэж хариулсан. Шууд утгаараа энэ бол Дэлхийн нэг, хоёрдугаар дайнтай эн зэрэгцэхүйц том өөрчлөлт “хаалга тогшиж” байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч. Биеийн хүчний ажил хийдэг ажилтан “Хоолноос хоолны хооронд ажилладаг” гэдэг шиг дэлхий нийт ойр ойр­хон нэрвэх хямралаас хямралын хоо­ронд амьдарсаар нэгэн аравныг ардаа орхилоо. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац сүүлийн үед жил дараалан буурч байна.  Хөгжингүй ор­нууд цагаас цагт зогсонги байдалд орж буй эдийн засгаа сэргээх, хоорондын зай нь улам бүр ойртсоор байгаа хямралуудыг нэгмөсөн үгүй болгох тэр шийдвэрлэх алхмыг хийх цаг мөч удахгүй ирнэ. Тэр үед Монгол Улс эдийн засгийн хэр их нөөц бололцоотой, хөгжлийн ямар төвшинд хүрсэн байх ёстой вэ гэдэгт асуудлын гол учиг оршино.

Гадны хөрөнгө оруулалт Монгол Улс хөг­жих ёстой. Барууны орнуудыг гол түн­шээ­рээ сонгочихоод байсан ОХУ “эргэж хар­сан” нь бидний хувьд том боломж юм. Үүнийг монголчууд бид “Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг” гэдэг утгаар хүлээж авбал зохино.

Монгол Улс Шанхайн хамтын ажил­ла­гааны байгууллагын үйл ажиллагаанд цаа­шид идэвхитэй оролцох байр суурь барьж эхэл­лээ. Тус байгууллага нь Казахстан, БНХАУ, Киргизстан, ОХУ, Тажикистан, Узбекистан улсуудыг нэгтгэдэг бөгөөд Афганистан, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан улсууд ажиглагч гишүүний статустай байдаг юм. ОХУ болон бусад улстай визгүй зорчдог болох асуудлыг эхнээсээ шийдээд явж байна. БНХАУ-д 20 жилийн хугацаанд тэрбум тонн коксжих нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулсан. Одоо хэрэгжүүлэх гээд бэлтгэлээ хангаад явж байна. Энэ бол бидний өөрсдийн сонголт биш бөгөөд нөхцөл байдалдаа дасан зохицож байгаа хэрэг гэж ойлгох нь зөв. Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан. Энэ жил 60 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээлэл байна.

Жилээс жилд хөрөнгө оруулагчид гарч явж байна гэсэн таагүй статистик гарчээ. “Монгол цэцэглэн хөгжиж байна”, “Монголд уул уурхайн тэсрэлт болж байна” гэх мэтээр бичдэг байсан барууны сайтууд бидний талаар бичих нь өдрийн од шиг боллоо. Монголын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэсэн таагүй мэдээ л хаа нэг харагдана. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчид бидэн рүү эргээд ирнэ гэсэн баталгаа үгүй. Тиймээс бид Монголоос гараад явчихсан тэр 40, 60 хувийн хөрөнгийг өөр хөрөнгө оруулагчаас нөхөж, эдийн засгийн өсөлтөө хангахаас өөрцгүй. Энэ хөрөнгө оруулагчид нь харин яах аргагүй хоёр хөрш байх нь. Ер нь манайхан гуравдагч хөрш гэж гүйгээд нэг их хожиж байсан удаагүй. “Гуравдагч хөрш” гээд Канад, Австралийн компанид лиценз өгдөг, нөгөөдүүл нь хайгуул хийж жаахан юм олонгуутаа асар их ашиг гаргаад БНХАУ-ын компанид зарчихдаг. Чухам ийм асуудлаас болж манайхан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль хүртэл гаргаж байсан удаатай. ”Ченж” маягийн иймэрхүү гуравдагч хөршийн компаниуд Монголд орж ирсэн ч яалаа, байсан ч яалаа.

Бид одоо харин хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, хамгийн гол нь тэнцвэртэй харилцааг баримтлах нь чухал. Тэнцвэр, бас дахиад тэнцвэр. Тэнцвэрийг хангахын тулд эрх баригчид “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг байж болохгүй. Тэгвэл тэнцвэр барихад хэцүү болно. Юу бодож байгаагаа ил зарлаад байх ч шаардлагагүй. Гол зарчмаа ба­риад хийх ажлаа хийгээд явах нь л чухал байна. Яруу найргийн мэдрэмжтэй нэг­ний хэлсэн “Эдийн засгийн биш, эв нэг­дэлгүйн хямрал нүүрлэлээ” гэдэг ч үнэн үг.
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зориг 2014-07-02 01:38:07
    Бодит байдлыг ерөнхийдөө голыг олоод хэлчихсэн байна Монголын улс төрчид одоо нэг цонхоор эв нэгдэлтэй байж шар хятад, хар хятад хоёртойгоо хэл амаа ололцохгүй бол Женко шиг тэнэгтвэл луу баавгай хоёрын аманд тарчлах болно луу чинь өнөө маргаашгүй баавгай
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Teneg 2014-07-02 01:11:10
    Nemj strategiin orduudaa hyatad orosiin haraat bolgoh yu ni zov songolt baigaa yum burmoson haraat bolchii gej baigaamuu. nerteigeer ni dagaar orchii gecheech
    125.193.187.8
    Мэдэгдсэн Хариулах