Ц.Нямдорж: Баагаагийн Баттөмөр - Төрд бэлтгэгдсэн хүн
Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөрийн талаар олны танил эрхмүүд ингэж ярьж байна. Б.Баттөмөр УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа билээ.

Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн/:

Төрд бэлтгэгдсэн, төрийн их ажлыг дааж ажиллах, тулхтай хүн гэж би боддог

   -Б.Баттөмөр бол улс төрд, ялангуяа төрд бэлтгэгдсэн цөөхөн хэдэн хүний нэг. 2000 онд намаас нэр дэвшиж байхдаа өрсөлдөж байсан хүнээ дэмжээд нэрээ татаж байсан хүн. Тэрнээс хойш 14 жилийнх нь улс төрийн байдлыг би мэдэх юм. Яах ч аргагүй төрд бэлтгэгдсэн хүн.

   Монголын хамгийн том төсвийг бүрдүүлдэг Гааль, Татварын байгууллагыг удирдаж байсан хүн. Хоёрдугаарт, том эдийн засагчдын нэг. 2000 оны эдийн засгийн хямралын хүнд үеийг даван туулахад асар их үүрэг  гүйцэтгэсэн хүн бол Б.Баттөмөр. Мөн энэ их ажлын хажуугаар номын мөр хөөж, докторын зэрэг хамгаалчихсан хүн.

Гуравдугаарт, улс төр бол багийн ажил байдаг. Багаараа ажиллаж хямралаас гаргахад ховорхон үүрэг гүйцэтгэж мэдэхээр бэлтгэгдчихсэн хүн бол Б.Баттөмөр.

АН-ынхан яагаад төрд гарахаар улс доройтоод байдаг вэ гэхээр тэд баг гэдэг зүйлийг мартчихаад, 5,6 хэсэг болоод хэд хэдэн хаалгаар гараад явчихдагтай нь холбоотой. Ингээд улсаа болон эдийн засгаа дараад унагачихдаг. Энэ дөрвөн жилд яг ийм л юм болсон.

Харин МАН бол эсрэгээрээ багийн зарчмаар ажилладаг. Нэг бодлого, нэгдсэн ойлголттой байдаг нь амжилтын үндэс болдог. 1992 онд Жасрай гуай Ерөнхий сайд байхад бид картын системд шилжсэн улс орныг хүлээж аваад 4 жил зүтгээд, лангууг дүүргэж байсан. Мөн 2000 онд цалингүй засаг хүлээж аваад 2004 онд эдийн засгийн өсөлтийг 10.6 хувьд хүргэж байсан. 40 мянган айл, 100 мянган айл хөтөлбөрийг хэрэгжүүлж, Шинэ цагийн бүтээн байгуулалтын ажлын хоёр дахь том давалгааг МАН-ын намын үед л явуулж байсан. Цаашид ч энэ мэтчилэн том асуудлуудыг шийдвэрлэхэд Б.Баттөмөрийн мэдлэг хэрэгтэй байгаа юм. Эдийн засгийг хямралаас гаргахад эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсийн дуу хоолой туйлаас чухал болчихоод байгаа юм.Бодлого ярьдаг, бодлого гаргадаг, тэрийгээ ажил болгож чаддаг ийм хүн улс төрд хэрэгтэй байна.

Б.Баттөмөрийг санамсаргүй байдлаар улс төрд дэвшүүлж байгаа юм биш. Өмнө нь сонгуульд нэр дэвшиж байхдаа цөөхөн саналаар гарч чадаагүй, Дарханчууд түүнийг сайн мэднэ гэх зэрэг олон шалгуурыг харж байгаад бид дэвшүүлсэн. Бид нэг баг болж, нэгдсэн зорилготой ажиллаж төрийг дампуурлаас гаргах гэж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхэд Баттөмөрийн ноён нуруу хэрэгтэй. Энэ хэвтчихсэн эдийн засгийг татаж босгоход Б.Баттөмөрийн ноён нуруу, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан мэдрэмж, чадвар хоёр маш чухал хэрэгтэй.

Мөн бид ард түмнийхээ амьдралыг өөд татъя гээд байгаа юм. Энэ асуудлыг шийдэхэд эдийн засагчийнх нь тооцоо судалгаа хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Монголчууд “дөрөө даах ат” гэж ярьдаг. Түүн шиг Б.Баттөмөр бол төрд бэлтгэгдсэн, төрийн их ажлыг дааж ажиллах, тулхтай хүн гэж би боддог.
 
Д.Мөнхөө /Үндсэн хууль батлалцсан, УИХ-ын гишүүн асан/:

Монголын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах оюуны их чадвар түүнд байгаа

    -Би Монгол Ардын намд гишүүнээр элссэнээсээ хойш хагас зуун жил болж байгаа ахмад үеийн төлөөлөгч.

     МАН бүх цаг үед ард түмэнтэйгээ хамт байсаар ирсэн. Манай нам их өөрчлөлтийн ачааны хүндийг үүрч, эх орон хүн ард залуу үеийн төлөөллийг эрхэм болгож, эвийг эрхэмлэн, эрх мэдлээсээ татгалзаж, нэг ч цонх хагалаагүй, хулганы хамраас цус гаргалгүй ачааны хүндийг үүрснийг монголчууд мэдэж байгаа. Ийм их тэсвэр тэвчээр, хүлээц, зориг, ирээдүйг харсан ухаан эх оронч улстөрийн хүчнээс л гардаг.

    Хар амиа бодож, мөнгө шүтсэн, нийгмийн үнэт зүйлийг алаг бөмбөлөг зүүж, тууз хайчилсан өнгөц дуулиан, өрийн урхинд хүн амыг түлхэх бохир арга, түүхийн алдааг хэн нэгэнд тохож харлуулан, эцэг өвгөдийн яс өндөлзүүлсэн суртал, залуу үеийн тархи угаах гадны технологи нь улсын хөгжлийн баталгаа, тусгаар тогтнолын баталгаа биш болохыг та бидний өнгөрсөн он жилүүдийн амьдрал харуулж байна.

МАН-аас эх орон ард түмнийхээ эрх ашгийг урьтал болгосон, дарханчуудын болон үндэсний хэмжээний амьдралыг маш сайн мэддэг шилдэг дунд үеийн төлөөлөгч, Монгол Улсын эдийн засгийн хуримтлалын гол салбар болсон Гаалийн ерөнхий газар, татварын ерөнхий газар ажиллаж байсан доктор, дэд профессор Б.Баттөмөрийг та бүхний саналд тулгуурлан нэрийг нь дэвшүүлж илгээсэн байна. Монголын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах оюуны их чадвар түүнд байгаа бөгөөд энэ сэдвээр судалгаа хийж эрдмийн зэрэг цол хүртсэн төдийгүй 10 гаруй ном бичиж, олон түмэнд хүлээн зөвшөөрүүлсэн эрдэмтэн хүн

Б.Баттөмөр Монгол уламжлалаар бол төрийн хар хүн болон төлөвшсөн, төрийн сүлдээ дээдэлж, түмний хэрэгт хүчин зүтгэх туршлага хурамтлуулсан хүн юм. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, эрхэм төлөөлөгчийн мэдлэг, туршлага, хичээл зүтгэлийн идэвхтэй оролцоотойгоор төрийн тогтвортой бодлого хэрэгжинэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ нь дарханчуудын айл өрх, үр хүүхдүүдийнх нь бүрэн бүтэн ирээдүйн амьдралынх нь баталгааг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна.
 
Нямаагийн Энхболд /УИХ-ын гишүүн/:

Төрд бэлтгэгдсэн, туршлагатай, мэдлэгтэй хүнийг та бүхэн дэмжээрэй

   -Баагаагийн Баттөмөр бид хоёр бол бага залуугийн найзууд юм. Москвагийн Намын дээд сургуульд анх хамт явж танилцаж байсан. Бид бие биенээ нэвт шувт мэддэг гэр бүлийн найзууд.

   Би Баттөмөрийг хүндэлж явдаг. Манай хүн бол төрийн зүтгэлтэн байх хэмжээнд Москвагийн намын дээд сургуульд бэлтгэгдсэний дээр эдийн засгийн ухааны доктор, их зүйл бичиж туурьвидаг. Төрийн ажил ч сайн хийж байсан, бизнесийн ажилд ч амжилттай яваа. Дээр нь төрийн ажлын асар их туршлагатай, гааль болон татварын ерөнхий газар ажиллаж байсан. Эдгээр газруудад ажиллах хугацаандаа үйл ажиллагааных нь зарчим, арга барилыг нь орчин үеийн шатанд гаргах ажлыг маш амжилттай хийсэн хүн.

   Өнөөдөр гааль, татварт мөрдөгдөж байгаа бүртгэл, тооцоо, хяналтын систем нь бүхэлдээ Б.Баттөмөрийн хийсэн ажлын үргэлжлэл гэж би боддог. Дээр нь УИХ-ын сонгуульд 2008 онд оролцож байсан, улс төрийн тодорхой туршлагатай, намын бага хурын гишүүн гээд ер нь бүх талаараа төрийн түшээ байхад бэлтгэгдсэн хүн гэж бодож байгаа. Дарханчууд ч надтай санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Найздаа энэ сонгуульд амжилт гаргаад, УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн ажлыг илүү их өндөр шатанд хийгээрэй гэж хэлмээр байна.

 Дарханчууддаа хандаж уриалахад, би УИХ-ын гишүүнээр олон жил сонгогдон ажилласны хувьд тэнд мэдлэг боловсролтой, туршлагатай хүн байвал илүү ард түмний амьдралд хэрэгтэй гэж бодож байна. Б.Баттөмөр бол энэ сонголтонд яв цав нийцнэ гэж бодож байна. Төрд бэлтгэгдсэн, туршлагатай, мэдлэгтэй хүнийг та бүхэн дэмжээрэй.
 

УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus