Нийслэлийн бодит байдлыг хамт харъя
Монгол Улсын хүн амын тал хувь нь  нийслэлд төвлөрөн амьдарч байна. Ингэж хүн ам хэт төвлөрсний улмаас агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эмнэлэг, сургуулийн хэт ачаалал зэрэг олон тулгамдсан асуудал өнөөдөр бодитоор оршиж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс  25 дахин их байна. Агаарын бохирдлыг бууруулах үндсэн нэг арга нь иргэдээ орон сууцжуулах явдал  хэмээн МАН  үзэж, “4000  айлын орон сууц”, “40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байлаа. Гэтэл АН эдгээр хөтөлбөрийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэхдээ нэр хаягийг нь өөрчилснөөс гадна ипотекийн зээлд хэт шүтэж, иргэдийн газрын үнэгүйдүүлэн, өмч хөрөнгөд нь халдах явдал газар авсан.

Мөн  МАН дөрвөн жилийн  өмнө Улаанбаатар хотын утаа, хог хаягдалтай тэмцэх “Аюулгүй орчинтой монгол хүн” цогц  зорилтыг дэвшүүлж, 2013, 2014 онд энэ үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг хэд дахин нэмсэн ч хогны ногоон уут тараах, хогийн сав хийх, нэг наст цэцэг тарих гэх мэт аар саархан зүйлд энэ их хөрөнгийг зарцуулаад өнгөрөв. Харин ард нь нийслэлийн иргэдэд чиглэсэн бодлого үндсэндээ алдагдав.

Түүгээр ч барахгүй нийслэлийн төсвийн зарлага огцом нэмэгдэж, сүүлийн дөрвөн жилд нийт гурван их наяд 234.9 тэрбум төгрөгт хүрсэн байх юм. Гэтэл  2012 оноос өмнөх 12 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төсвийн нийт зарлага ердөө нэг их наяд 213.7  тэрбум төгрөг байжээ.  АН-ын үед төсөв ингэж их нэмэгдсэн ч  зарцуулсан хөрөнгөтэй нь дүйцэхүйц хэмжээний бүтээн байгуулалт гэхээр зүйл хийгдсэнгүй. Нийслэлийн тулгамдсан асуудлууд ч нэг тийш болсонгүй. Харин ч 2012 онтой харьцуулахад нийслэлийн төрийн албан хаагчдын тоо 3000 орчмоор нэмэгдэж, нийслэлийн Засаг  дарга хууль бусаар зургаан орлогчтой болж, үргүй зардал үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдэв. Үүний цаана эрх барьсан АН-ын цөөн хэдэн дарга “хөлжсөнөөс” жирийн иргэдийн амьдралд нааштай алхам ер хийгдсэнгүй.Угтаа  бодит байдал ийм л байгаа. Тэд дөрвөн жилийн дараа ард түмэнд ийм л “бэлэг”-тэйгээр сонгуульд орж байгаа.

М.Галмандах
zaluu.com
 
 
Бусдад түгээх
  • gplus