Сонгуулийн сурталчилгааг өрсөлдөгчөө муулах талбар  болгож байна
Эдгээр өдрүүдэд нам, эвслээс нэр дэвшигчид иргэд, сонгогчдын нүдэнд энхийн цагаан тагтаа болж харагдах гэж эцсийн хөзрөө дэлгэж байна. Тэр нь, хар пиар буюу өрсөлдөгчдийнхөө “но”-той, ноцтой, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх мэдээлэл юм. Ийм зүйлийг ардчилсан парламенттай болсон цагаас л хийж хэрэгжүүлсээр байгаа нь нууц биш. Магадгүй ийм зүйл хийх нь зохисгүй, сөрөг үр дагавартай гэсэн ч хүлээж авахгүй. Харин ч эсрэгээр нь тайлбарлаж, өөрсдийгөө зөвтгөх нэгэн гарч ирэх биз. Мөн дэлхийн жишиг, сонгууль явуулдаг аль ч улс оронд хэрэглэдэг технологи гэж магадгүй. 

Тийм ч болохоор манайхан сонгуулийн эхэн үед намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөрөө, дунд хэсэгт нь нэр дэвшигчдийн намтар түүх, боловсрол, төгсгөлд нь өрсөлдөгчийнхөө эрт, эдүгээд хийж байсан алдааг ашиглах гэсэн гурван үе шаттайгаар сурталчилгаа явуулсаар иржээ. Ерөнхийдөө тэртээ хорин жилийн өмнө монголчууд бид ардчилсан парламенттай болсноос хойш нэг иймэрхүү маягаар л сонгуульдаж, сурталдаж, сонгогчдын тархийг угаасаар өнөөтэй золгосон байна. 

Тэгэхээр яагаад ийм зүйл гарах болов, албан тушаалын төлөө “үхэлдэн, тэмцэлдэх” нь хэнд ашигтай юм бэ гэсэн асуулт хариу нэхнэ. УИХ-д олонх болсон нам эвсэл төрийн жолоог атган, түмэн олны амьжиргааг дээшлүүлж, хөгжил тийш чиглүүлж, нуруундаа үүрч явах ёстой. Ядаж үүрээд бус юм гэхэд чирээд явах үүрэгтэй. 
 
Гэхдээ энэ нь өмнөх он жилүүдэд огт хэрэгжиж байсангүй. Ядуурал нэмэгдэж, албан тушаал авлигын хэрэг ихэсч байлаа. Иргэд үнийн шуурга, инфляцад нам цохиулж, юун амьжиргаа нь дээшлэх, улам дордож байсан гэхэд нэг их хилсдэхгүй биз. 

Гэсэн хэдий ч  дөрвөн жилд нэг удаа сонгуулиа хийж, ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөө өөрсдийн сонголтоор илгээж байна. Ерөнхийдөө өнгөрсөн он жилүүдэд  хийсэн иргэдийн сонголтоос харахад тэдний сонголт тоотой хэдэн хүн дээр эргэлддэг нь ажиглагддаг. Энэ нь ч аргагүй сонгуульд шинэ хүн төдийлөн дэвшдэггүй бөгөөд тухайн тойрогт овоо нэртэй танигдсан, ах дүү олонтой тийм хүнийг сойдог жишиг бий.

Ингээд сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигчид ирээдүйд хийх ажил төрөл, нийгмийн амьдралын  талаар бус өрсөлдөгчийнхөө урд хожид хийж байсан алдаа мадгийг дэлгэх, өөрөөр хэлбэл хар “пи-ар”-ын ажилд онцгойлон анхаарал хандуулж, түүндээ сонгуулийн сурталчилгааны ихэнх цагаа зарцуулж буй нь иргэдийг залхааж орхидог. Энэ  жил ч ялгаагүй энэ л жишгээр ард түмэн өрсөлдөгчөө муулах хар “пи –ар”-ын мэдээнд бөмбөгдүүлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus