Гарын үсгээр олгогдсон газрын мөнгө хэний дансанд орсон бэ
Дэлхийн банкны гаргасан судалгааны дүнд үндэслэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар хотын өмнөх дарга нарын олгосон газрын талаар баримт дэлгэсэн нь иргэдийн дунд шуугиан тариад байгаа.

Олон хүний мэдэхгүй байсан уг мэдээлэлд багтсан, зарагдсан газрын үнэ нийт 26.9 их наяд буюу 26 мянган цэцэрлэг барих мөнгө, дээрээс нь нийслэлийн 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний байсан нь бүр ч цочролд орууллаа.
Тэгвэл зохих журмын дагуу буюу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй тэр их газрын мөнгө хаашаа орсон бэ. Хэн аваад гудсан доороо хийчихсэн юм бэ. Ард түмэн, тэр дундаа газрын эзэн болох нийт нийслэлчүүд яг энэ асуултын хариуг дор бүрнээ эрэл сурал болгон хайсаар байна.
Тэгвэл иргэдийн тавьж буй энэхүү асуултад Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг өнөөдөр буюу 14.00 цагаас өмнө хариу тайлбар өгөхийг НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч М.Цэвээн-Очир шаардлаа.

Ц.Сандуйг хариулт өг гэсний учир нь тэрээр хотын өмнөх дөрвөн Засаг даргын үед Улаанбаатар хотын газар олголтын асуудлыг тасралтгүй хариуцаж ирсэн албан тушаалтан байсан. Тиймээс газрын будлиантай холбоотой бүх эргэлзээ дагуулсан асуудлуудад хариулт өгөх хүн нь Ц.Сандуй үзжээ. М.Цэвээн-Очирын хувьд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтынхаа үеэр дээрх шаардлагыг тавьсан бөгөөд Ц.Сандуйгийн гарын үсэгтэй хэд хэдэн баримтыг олон нийтэд дэлгэж танилцуулсан. Мөн тэрээр иргэдийн дайсан дээрх асуултад заасан хугацаанд тодорхой хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдлээ.

Түүнээс гадна 26.9 их наяд төгрөг хаашаа орсон талаар ямар нэгэн тайлбар хийхгүй удаж байгаа нь өөр зүйлд хардах үндэс болж байгаа гэдгийг мөн онцолсон юм.

Тэрээр “Ц.Сандуйн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх залуугийн нэр Олон улсын эрэн сурвалжлах нийгэмлэгээс оффшорт данс эзэмшдэг монголчуудын нэг гэж зарлагдсан. Сэргэлэн дөрвөн данс эзэмшдэг нь тодорхой болсон. Гэтэл Ц.Сандуй одоог хүртэл ямар нэг тайлбар хийсэнгүй сар орчим хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр би эхэнд дурдсан тоо болон Ц.Сэргэлэнгийн оффшорт байгаа 4 данс хооронд ямар нэгэн холбоо байгаа юм биш биз гэж хардаж байна. Ц.Сандуй та, 26.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх газрыг олголцсон албан тушаалтны хувьд хувьдаа ямар нэр мөнгө авч, улмаар дүүгийнхээ нэр дээрх оффшор дансанд хийчихсэн юм биш биз дээ. Хэрвээ тийм биш бол иргэдийн өмнө өөрөө гарч ирэн, баримттай тайлбар хийхийг хатуу шаардаж байна. Иргэдтэй уулзалт хийх бүр 40, 50 хувь нь надаас энийг л асууж байна” гэв.

Ямартай ч М.Цэвээн-Очир нэр дэвшигчийн болон сонгогч, иргэний хувиар ард түмэн, нийслэлчүүдийн өмнөөс олон жил үргэлжилсэн газрын наймаатай холбоотой асуудалд тодорхой тайлбар хийхийг Ц.Сандуйгаас ийн шаардлаа. Харин өнөөдөр буюу Даваа гарагийн 14.00 цагаас өмнө нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ямар хариулт, ямар тайлбар өгөх бол...
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ
Бусдад түгээх
  • gplus