З.Энхболд чуулганы ирцээ хэрхэн бүрдүүлэх бол
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сарын 24-нд чуулганы танхимд гишүүдээ удтал хүлээсний эцэст чуулганыг завсарлуулах шийдвэр гаргасан.  Бүтэн өдөржин ирцгүй байсан чуулганыг даргалагч бүтэн сараар хойшлуулав. Ингэснээр энэ сарын 23-нд буюу энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн чуулган хуралдаж эхлэхээр болсон юм.
Энэ бол УИХ-ын 76 эрхмийн хувьд дөрвөн жилийн бүрэн эрхийн нь хугацаа дуусахын өмнөх отгон чуулганы өдрүүд. Энэ өдрүүдэд эрхэм 76 чуулганы хуралдаанаа хүрэлцэн ирэх болов уу?  УИХ-ын 2016 оны сонгуульд энэ удаагийн парламентаас Р.Амаржаргал, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Баярсайхан, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, С.Оюун, Л.Цог нар нэр дэвшээгүй учир чуулганы хуралдаан хүрэлцэн ирэх магадлал өндөр.

Мөн УИХ-ын 76 гишүүний 31 нь нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшиж байгаа учир чуулганд ирэх боломжтой. 

Харин үлдсэн 36 гишүүн нь орон нутагт нэр дэвшиж байгаа учраас сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд тойрогтоо байхыг хүснэ.

Тэгвэл энэ долоо хоног хуралдаж эхлэх чуулганы хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

Хамгийн түрүүн хэлэлцэх асуудал бол яах аргагүй “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд.

Мөн чуулганы хуралдаан завсарлахаас хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан оффшорын эргэн тойрон дахь асуудлыг хэрхэн зохицуулах талаарх хуулийн төсөл  хүлээгдэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. 

Мөн чуулганы хуралдааны ирц бүрдэж, хуралдах боломж бүрдэх юм бол АТГ-ыг даргатай болгох биз. АТГ-ын даргыг томилох гэж чуулган завсарлахаас өмнөх хоёр сарын турш ярьсан ч асуудал нэг ч алхам урагшилсангүй. Ерөнхийлөгчөөс хүн санал болгосоноос цааш хэтэрсэнгүй. Уг асуудлыг хуулийн хугацаанд нь багтаагаад яаралтай хэлэлцэе гэж МАН-ынхан хэлсэн боловч АН-ынхан завсарлага авсан цагаасаа хойш хэлэлцэхгүй сунжруулсаар чуулган завсарласан.

Энэ мэт З.Энхболдын парламент отгон чуулганаараа хэлэлцэх асуудал толгой дараалан хүлээгдэж байна. Харин ирц бүрдэх эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus