Халуун устай болгож, хаус бариулна гэсэн амлалт биелэсэнгүй

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхорол 19 дэх уулзалтаа Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэдтэй хийх уулзалтаар үргэлжлүүллээ. Иргэд МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өөрсдөд нь тулгараад буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж байсан юм. МАН-ын мөрийн хөтөлбөртэй танилцсан иргэд тус намыг нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай нам гэдэгтэй санал нэг байна. Харин яг иргэдийн амьдралд юу хийж, амьдрах орчныг сайжруулахад энэ хороонд юу хийх бол гэж сонирхож, үгээ хэлэв.

Учир нь өнгөрсөн жилүүдэд эрх баригчдын халуун устай болгож, хаус бариулна гэсэн амлалт биелээгүйд иргэд бухимдаж байна. Баянзүрхийн хоёрдугаар хорооны гэр хорооллын хэсэг хотын төвд хамгийн ойр, Сансрын шатахуун түгээх станцын арын хэсэг. Дэд бүтэц хөгжих хамгийн боломжит газар юу ч өөрчлөгдөөгүй байхад иргэд бухимдах нь ч аргагүй. Иргэд ингэж өөрсдийн ахуй орчны асуудлаасаа эхлээд улс орны том асуудалд ч санаа тавьж, эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилийн бодлогод бухимдаж байна. Тус хорооны өндөр настан Чулуунбаатар гуайн хэлсэн үг, зангирах нулимс тэнд цугларсан иргэдэд нэгийг бодуулсан. Чулуунбаатар гуай “МАН-ын хийсэн болон хийх ажлыг мэднэ. Харин Монгол Улсыг өрөнд оруулчихсан өмнөх засгийн аймшигт өрийг МАН-ынхан л хөнгөрүүлж, эх орон, ард түмнээ аварна. Тиймээс та нар Ардын намыг л сонгоод өгөөч" гэж хэлэхдээ хоолой нь зангирч, нулимсаа арчсан юм.

Түүний үгийг сонссон нэр дэвшигч Д.Оюунхорол "Үнэхээр эх орондоо ихийг хийж, газар нутгаа бүрэн бүтнээр нь бидэнд үлдээсэн ахмадууд ингэж бухимдаж байгаад сэтгэл эмзэглэж байна. Өр гэдэг үнэхээр хэцүү асуудал болсон. 2017 оноос эхлээд бид төсвөөсөө хоёр их наяд төгрөгийг өрөндөө өгнө. Монгол Улс долоон их наядын төсөвтэй.Орлогоо бүрдүүлж чадахгүй байгаагаас төсөв нэг их наядаар тасарчихсан байгаа. Аж ахуйн нэгжүүдийн 64 хувь дампуурч, байхгүй болсон. Монгол Ардын Нам хямралыг давах "Онцгой нөхцөл" арга хэмжээг авч, мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Улс орноо аврахын тулд бид зүтгэнээ" гэсэн юм.









Д.Оюунхорол: Үнэхээр эх орондоо ихийг хийж, газар нутгаа бүрэн бүтнээр нь бидэнд үлдээсэн ахмадууд ингэж бухимдаж байгаад сэтгэл эмзэглэж байна.

 

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus