О.Амартүвшинг Тэшиг сумынхан олон  сайхан дурсамжаар элгэмсэг угтан авлаа
УИХ-ын сонгуульд Булган аймагт нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Монгол орны хоймор нутаг Тэшиг сумын иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. О.Амартүвшингийн өвгөн эцэг механикжуулагч Гончигжав 1958 онд Тэшиг сумын Буурал Сүжийн хөндийд хадлан бэлтгэж, хөдөлмөрийн төлөө бригад санаачлан ахлагчаар нь ажиллаж байжээ. Ийм учраас иргэд сонгогчидтой хийсэн уулзалт бялхсан дурсамжаар хөврөв. Тухайлбал өндөр настан Д.Нина “Би О.Амартүвшингийн өвөөг сайн мэднэ. Хүнд хэлэх гэсэн үгээ хэлдэг, ажилч хөдөлмөрч хүн байсан. 1958 онд манай суманд  газар тариалангийн суурийг тавьж байсан. Одоо ч мэдэх хүн цөөн үлдэж дээ” хэмээн хуучилж, ирээдүйн их ажилд нь амжилт хүсч дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн сумын иргэн өндөр настан Билэгдэмбэрэл “Тухайн үед аймгийн мал эмнэлгийн ажил доголдолтой байсан. Тиймээс энэ алдааг засуулж, ажил сайжруулах даалгаварт  Отгондавааг олон суманд томилж байсан. Би яагаад энэ тухай сайн мэдэж байна гэхээр бид хамт ажиллаж байлаа” хэмээсэн. Тэгвэл хүний бага эмч Д.Хандсүрэн гуай мөн л Хутаг-Өндөр сумын эмнэлэгт ээж Мягмарсүрэнтэй нь цуг ажиллаж байжээ. Тэрбээр “Нэг нь эмчээр, нөгөө нь сувилагчаар олон жил хамт ажиллахдаа гэрээр нь орж гарч, босгыг нь элээж  байлаа. Өвөө, эмээг нь ч сайн мэднэ. Ер нь удмаараа  нягт хичээнгүй ажилласаг улс” хэмээн тодорхойлж, О.Амартүвшинг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буйд баярлаж буйгаа хэллээ.

Тэшиг сумынхан Ардчиллынхныг багаар нь дэмжинэ

Тэшиг бол цэвэр, бохир усны асуудлаа бүрэн шийдсэн Монгол Улсын цөөн тоотой сумын нэг юм. Энэ суманд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аймаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалт эрс нэмэгджээ. Тодруулбал хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гурван сумын нэг болсон байна. Тус сум 2013 онд аймагтаа бүх үзүүлэлтээрээ хамгийн сүүлийн байрт жагсаж байсан бол өнгөрсөн жил эхний гуравт бичигдэж чаджээ. Цаашлаад Хилийн цэргийн ангийг жишиг болгох,  торгон хилийн манаанд зогсч буй хүндэт албан хаагчдынхаа хүүхдүүдийг гэр цэцэрлэгээр хүмүүжүүлдэг болсон гэх зэрэг олон ажил тэдний санаанд нийцжээ. Ирэх намар л гэхэд энэ сумын сургууль 12 жилийн сургалтад шилжиж байна. Үүнийг тус сумынхан орон нутагт төлөөлөө зөв сонгож чадсаных хэмээн үзэж буй юм. Харин УИХ-д ганц л төлөөлөлтэй болсонд сэтгэл дундуур байгаа аж. Иймээс энэ удаад тэд Ардчилсан намыг багаар нь сонгохоор сэтгэл шулууджээ. Энэ үгээ ч уулзалтын үеэр нэр дэвшигч О.Амартүвшинд уламжилж байв. Нэг үгээр, тус сумын иргэд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийг хүсч байна.

Давааны араас бүхнийг “хардаг”

Тэшиг сумын нийт хүн амын 23 хувийг хөдөлмөр, ажилсгаараа зартай хүмүүс болох Буриад зон Давааны ар буюу Эрин багт голдуу нутагладаг байна. Байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ нутагт хэдхэн жилийн өмнө гэрэл цахилгаан сааталтай, холбоо харилцаа хоцорч байжээ. Харин одоо энэ бүхэн түүх болон ард үлдэж, байнгын цахилгаантай, үүрэн холбооны сүлжээ компаниудаар үйлчлүүлж, бүхий л мэдээллийг гэрээсээ авдаг болжээ. Гэсэн хэдий ч буйд энэ багийн иргэдэд олон мөрөөдөл бий. Түүнд хүрэхийн тулд эдийн засгийн мэдлэг өндөртэй, шинэ залуу улстөрч дэм болно хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ хил залгаа Хутаг-Өндөр сумын унаган хүү учраас төрсөн нутагтай нь хөгжлийн нэг цэгээс зэрэг хөдлөх бололцоотойг нь олж харсан тухайгаа хуучлах хүн олон байв. Энэ багийн иргэдтэй уулзах үеэр мөн хилийн цэргийн ангийн бие бүрэлдэхүүний олон төлөөлөл ирж, мөрийн хөтөлбөртэй нь танилцсан юм. Энэ үеэр хувийн мал эмнэлгийн эзэн Дуламцоо “Эцэг эхийг нь сайн танихын хувьд дэмжинэ. Миний хүү хоймор сайхан нутгаа хамгаалж яваарай” хэмээн захив. Мөн Харгал багт уулзалт хийх үеэр нь мөн л аав, ээжтэй нь холбоотой олон дурсамж хөвөрсөн. Үүний зэрэгцээ тус багийн малчин Б.Гантулга “УИХ-д сонгогдоод алга болчихдог муу жишиг тогтоод байгаа” тухай ч сануулж амжлаа. Иргэн С.Бүжгэн “Отгондаваа бол Мал эмнэлгийн хүрээлэнд байхдаа маш богино хугацаанд эрдмийн зэрэг цол хүртсэн хөдөлмөрч хүн байсан. Эрдмийн бүтээл нь өндөр түвшинд хүрсэн гэж хүмүүс үнэлдэг юм. Намайг тус хүрээлэнд байхад нутгийн бид хоёр хамт ажилладаг байлаа” хэмээн хуучлав. Тэрбээр уулзалт болохоос гуравхан хоногийн өмнө төрсөн нутагтаа амрахаар ирсэн аж. Тэгвэл Хужирт багийн иргэн Туяа “Оюутны сургалтын төлбөрийн зээл нүдээ олсон шийдвэр” байсныг дурдаад нутгийн хүүгээ дэмжихийг уриалсан бол Хөдөлмөрийн баатар алдарт механикжуулагч Д.Галт-Очир гуай “Гончигжав бид хоёр 1951-1954 онд хамт цэргийн алба хаасан. Энэ хүний удам судрыг мэдэхийн хувьд ач, зээг нь ч хөдөлмөрч, хичээнгүй гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.    
 
Гурванбулаг
Гурванбулагийн иргэд шинэ сонголт хийнэ

Энэ нутгийнхан өнгөрсөн 26 жилийн хугацаанд сум, аймаг, УИХ-д нэг л нам эвслийг сонгож иржээ. Харин сүүлийн жилүүдэд тус сумын иргэдийн дунд “Эзний суудал ээлжтэй” байдаг тухай яриа дэлгэрэн газар авч байна. Энэ нь мэдлэг, туршлагатай, шинэ залуу хүнийг үгүйлэх болсны илэрхийлэл ажээ. Энэ тухай тус сумын иргэн Шагдарсүрэн “Мөнгө тараадаг хүн биш, ажлын байр бий болгодог хүн ирчихээд байна. Уг нь би хуучин нийгмийн иргэн. Гэвч хүн өөрчлөгдөх цаг бас ирдэг байжээ. Одоо бол эргэлзэхгүйгээр энэ хүүг сонгоно” гэж ярив. Түүний энэ яриаг батлан, Агь багийн малчин Б.Тунгалагтуул “Намчирхаж биш, нутгархаж хөгжих цаг ирсэн” гэдгийг нутгийн иргэддээ анхааруулав. Бодит байдал дээр тус сум төдийлэн өөрчлөгдөөгүй аж. Учир нь аймгаас гаргасан шийдвэрийг сумынх нь удирдлагууд намын үзэл баримтлалаа тэргүүн эгнээнд тавьж гацаах явдал цөөнгүй гаргадаг ажээ. Тиймээс хойшид ийм байдал гаргахгүйн тулд сонголтоо өөрчлөх нь зөв гэдэг шийдвэрт олон иргэн санал нэгджээ.
Тэгсэн цагт Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хийгээд аймгийн хэмжээнд зураг төсөл нь гарсан мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэж үзэж байгаа аж. Үүнээс цаашлаад сэтгэлтэй хүнд бол хийх ажил их, хөгжих боломж ойрхон байгаа тухай ч иргэд ярив. Тухайлбал энэ сум Элсэн тасархай гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой газраа түшиглэн аялал жуулчлалаас орлого олох боломж байгааг ч иргэд олж харсан байна.
Харин энэ ажлыг эдийн засгийн боловсрол өндөртэй, бизнесийн туршлагатай, нутгаа гэсэн сэтгэлтэй залуу хүн хийх учиртай гэнэ. Энэ байдлаа тэд өнгөрсөн удаагийн сонголтуудаараа баталж буй нь ихээхэн содон байв. Угтаа энэ сумаар босоо тэнхлэгийн зам тавигдахаар хөрөнгө оруулалтын ажил нь эхэлж байгаа аж. Зам дагаж хөгжил ирдэг жишгээр энэ сумын иргэд ч хөгжлөө хүлээж буй нь иргэн бүрийн ярианаас илэрхий байв. Тухайлбал Тогоо багийн иргэн Л.Батболд “Ухаж төнхдөг биш, ургуулдаг, бүтээдэг О.Амартүвшин гэдэг залуу булган нутагтаа нэр дэвшиж байгаад талархаж байна. Энэ бол их том боломж. Бид энэ удаад боловсролтой энэ залууг алдвал хөгжлийн тухай дахиад л өнө удаанаар ярьсаар байх болно. Одоо бид өмнөх сонголтдоо дүгнэлт хийх цаг болсон” гэв. Мөн Авзага багийн иргэн Д.Ганзориг ч ялгаагүй “Сум орон нутгаа хөгжүүлье гэвэл багаар нь дэмжих шаардлага гардаг юм байна. Тэгэхгүй бол доод, дунд шатандаа ажлыг нь гацаагаад байдаг хэмээн ярив. Харин залуу малчин М.Лхагважаргал “Залуу малчдыг сургалтад хамруулах тал дээр анхаарч өгөхийг УИХ-д нэр дэвшигч О.Амартүвшин болон орон нутгийн сонгуульд хүч сорьж буй Б.Батсайхан, Д.Мөнхсайхан нараас хүсэв. Танил энэ хүсэлтэд бэлхэн хариулт байлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бүрнээ туссан тул уншиж, танилцаарай” хэмээн нэр дэвшигчид зөвлөсөн юм.

Рашаант
Рашаант сумынхан намд биш унаган хүүдээ итгэнэ

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог уугуул Булган аймагтаа нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Рашаант сумын иргэд, сонгогчдод намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус сумын иргэд энэ удаагийн сонгуульд “Намыг биш, хүнийг сонгоё” гэдэг уриалга гаргасан мэдээтэй нэр дэвшигчээ угтав. Цөөн үгээр хэлбэл Рашаант сумын иргэд энэ удаагийн сонгуульд нэр цэвэр, залуу хүнийг төрд төлөөлүүлнэ гэдэг санал нэгдэж чаджээ. Энэ суманд ч О.Амартүвшингийн төрөл, садан найз нөхөд олон байдаг ажээ.

Тэдний төлөөлөл болж Хутаг-Өндөр сумын уугуул, Рашаант сумын харьяат Оюун “Би О.Амартүвшинг хүүхэд байхаас нь мэдэхийн хувьд, аав ээжтэй нь айл аймаг олон жил байсны хувьд нэр дэвшиж байгаад баяртай байна” хэмээсэн. Мөн нутгийн хүүгийн сонгуулийн ажилд амжилт хүсч, өдгөө 90 гаруй насыг зооглож буй ануухан буурай Ж.Долгоржав дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. 

Харин тус сумын III багийн малчин Л.Алтангэрэл “Тарианд орсон мал Төрөөс хумсалж сурсан хүн хоёр эргэж буцаад салдаггүй юм” гэсэн сонин үгийг унагав. Тэрбээр УИХ-д өмнө нь сонгосон төлөөлөлд сэтгэл дундуур байдгаа ч энэ үеэр хэлж амжлаа. Түүний үзэж буйгаар аймаг, орон нутгийн хөгжилд залуу хүний мэдлэг боловсрол чухал байгаа аж. Иргэн П.Алтангэрэлийн энэ бодолтой ч олон хүн санал нийлж буйгаа хурлын үеэр уламжилж байв.  1-р багийн малчин П.Бум-Аюуш нэр дэвшигчид хандан “Бид мэдлэг боловсролтой залуу хүнд итгэнэ гэдэгт санал нэгдсэн байгаа. Харин та бидний итгэлийг зүтгэлээр хариулаарай” гэж хичээнгүйлэн гуйв. Учир нь, энэ сумын иргэдийн ярьж буйгаар өмнө нь УИХ-д сууж байсан төлөөллүүд тэдний санал бодлыг сонсох, аж байдлыг мэдрэх тал дээр дутмаг ажиллажээ. Ийм л учраас энэ сумын иргэд нэр дэвшигч, уугуул нутгийн хүү О.Амартүвшинг дэмжихээ илэрхийлж буй аж.
 
 Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.
Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.
 
 
Бусдад түгээх
  • gplus