Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалтуудыг хүчингүй болгов
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв.

 Үндсэн хуульд Цэцийн гишүүнийг дахин томилоход ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байхад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулж Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох тухай заалтыг тусгасан нь, мөн Цэцийн гишүүн хууль зөрчсөнийг шүүхээр тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан байсныг “эрх бүхий байгууллага” хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд эгүүлэн татах боломжтой болгон өөрчилсөн нь тус тус Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул дээрх хуулиудын зарим зүйл, заалтыг хүчингүй болголоо.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Үндсэн хуулийн цэцийн зөвлөлдөх тасалгааны хуралдаан буюу зөвлөлдөөний тэмдэглэлийг нууцын зэрэгт хамааруулан хадгалах заалтыг хасч, нээлттэй хуралдаантай адилтган дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, тэмдэглэлийг бусдад хуулбарлан өгөх, хэргийн материалд ил хавсаргахаар, үүний зэрэгцээ тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан Цэцийн шийдвэрийн хамт заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн зохицуулалтыг тусгасан нь Цэцийн гишүүн зөвлөлдөх тасалгаанд маргаан бүхий асуудлаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарлаж, Үндсэн хуульд заасан гишүүдийн хараат бус байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж Үндсэн хууль зөрчсөн байх тул мөн хүчингүй болгов.

 
Дээрх гурван хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс буюу батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх, нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болох, шүүх албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэхгүй байх талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн тул хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus