Өвөр Монголын Шилийн гол аймгаар аялсан нь

Хэдэн жил л бодсон юм. Үндэс угсаа зан заншил нэг, бидний мэдэх хэрнээ мэдэхгүй монголчуудын нутгаар аялах хүсэл минь энэ жил биелж, нэгээхэн хэсэг болох Шилийн гол аймгаар нь зочиллоо.

Аяллын маршрут: УБ-Эрээн хот |галт тэргээр|-Сөнөд хошуу-Авгын хошуу-Шилийн гол аймаг-Зүүн Үзэмчин хошуу-малчин айл |авто машинаар нэг талдаа 600 орчим км|

УБ-аас галт тэргэндээ суулаа. Миний бодлоор орчин цагт үйлчилгээний талаарх зарим нэг зүйлийг эс тооцвол хамгийн эрсдэлгүй тээврийн хэрэгсэл юм уу даа. Гэлт тэргэнд суухад эхэндээ соньхон сайхан санагддаг ч төд удалгүй бие махбодийг хэвийн байлгах үүднээс төрөл бүрийн тэвчээр шаардаад эхэлдэг нь бас л нэг “адал явдал” Манай төмөр замынхан зорчигчийн тав тухыг хангах тал дээр багахан санаа тавьчихвал ч . . .

Галт тэрэг хөдлөнгүүт нормын аяга цайгаа “шахчихна”, эсвэл өгөхгүй нэхэл дагал болж байж олж ууна. Нэгэнт сэрүүцүүлэх төхөөрөмжөөр |АС| тоноглогдсон галт тэргийг хэвийн температуртай байлгаад байж болно доо уг нь. Гэвч эгэл зорчигчдод өдрийн од мэт ховор олдох төхөөрөмжийг хааяа нэгхэн асааж сэрүүн сайхан агаарыг хальт хальтхан мэдрүүлнэ. Тэр агшин нь нэн таатай хэдий ч туйлын ахархан. Түүнээс гадна зорчигчийн хүсэлтээр цонхыг нь нээж, хааж өгч баймаар. Хэт бүгчим өрөөнд даралт ихтэй, өндөр настай улсууд зүдэрч яваа нь илт харагддаг. Хоёр цагийн дараа орж ирэх хил гаалийн шалгалтад бэлтгэх нэрийдлээр цагаан хэрэгслээ шувт татах нь халаг хар үүрээр нэхнэ. Хурааж авна. Суурин газрын бараа нь ч харагдахгүй хол байхад 00-оо түгжинэ. Товчхондоо бол түгжих, хаах, хориглох, журамлах дүрэм галт тэргэнд үйлчилнэ.

Хамгийн бүдүүлэг нэг зүйл байна. Эрхэм машинистууд маань биднийгээ эгээ л орноос унатал, тархи толгой доргитол, жирэмсэн хүүхэн дутуу төртөл гуд шуд татан тормозлохоо болимоор. Ур чадвар болоод сэтгэл дутаж байгаагийн илрэл гэж хэлж болно. Хүн тээвэрлэж байгаагаа бодолцоод биднийгээ зөөлөн аятайхан чирээд явж болно шүү дээ.
Гэхдээ л би галт тэргээр дахин аялсаар л байх болно. 00-ын цагийн хуваарьт зохицуулж шингэний хэрэглээгээ эрс багасгах, бүгчим халуунд хөлрөхгүйн тулд илүү хөдөлгөөн хийхгүй, хийсэн ч удаанаар тайван хийх, үйлчлэгчийн үгэнд олон тайлбар, эсэргүүцэлгүйгээр орох дадалд суралцах, суугаа болон хэвтээ байрлалд биеийн тэнцвэрийг байнга хадгалж аливаа “угзралтад” бэлэн байж сурах, бүгчим халуунд амьсгалыг зөв хуваарилах гэх зэрэг “сургалтууд” нь зугаатай байдаг юм.

Бас нэг хөгжөөнтэй зүйлийг энд бичихгүй бол болохгүй нь. Хүн бүхэн л мэднэ дээ. Замын-Үүд, Эрээний хооронд хил гардаг хэсэг байдаг даа. Бодон бодон цонхоор хартал “засмал замын, 4х4 төрлийн, зорчигчтой, богино зайн уралдаан” уламжлал ёсоороо давхилдаж, биш ээ уралдаж л байна билээ. Энэ уралдаан чинь цаашаа бас өрнөлтэй, машин барианд амжилттай орж ирэхэд зорчигчид үргэлжлүүлэн паспортоо барин гүйлдэж очно. Би ч бас тэгж гүйж л байсан. Машин нь дээгүүр давхиад ирэхээр хүн чинь өөрийн эрхгүй догдлоод л улам хурдан гүйдэг юм билээ. Хилийнхэн урдаас тосч “Таван, тайван” гэж хурдыг нь сааруулан тосч авна. Ажиллагаа амжилттай болж, бид тэр өдрийн гараанд айргийн 5-д орсон шүү. Дараа нь тэгж яарах хэрэг юунд байсан юм бол гэж бодоод жолоочоосоо асуулаа. “Та одоо эргээд хил гарах уу? Тэгээд ингэж яарсан уу?” гэж. Тэгтэл жолооч “Үгүй ээ, би Эрээнд хононо” гэдэг байгаа. Хэдэн жилийн өмнөх энэ хөгжилтэй дурсамж яг тэр хэвээрээ одоо ч тэнд үргэлжилж байгааг харахад зугаатай байв.

Эрээний галт тэрэгний буудал дээр зорчигчдыг вагон вагоноор нь ээлжээр буулгах юм. Хил гаалийн дүрэм журам тийм байдаг л байх л даа. Буух ээлжээ хүлээгээд бүгчим галт тэргэнд суугаад л байна. . . Тэгж байснаа галт тэргээ чирээд өөр зам дээр аваачих юм. Тэндээс нь цэргийн хяналтанд дор холоо алхах. Яг л дайны үеийн тухай кинон дээр гардаг еврей нар шиг санагдаад болдоггүй. Инээд ч хүрэх шиг. Уур ч хүрэх шиг. Галт тэрэгтэй холбоотой хөгжөөнтэй, бас санаа авууштай зүйлсийн талаар санаа бодлоо хуваалцлаа. Одоо үндсэн сэдэвтээ оръё.

Эрээнээс нэг хүний 150 юаний такси хөлөглөн өвөр монгол жолоочоос сонин хачин дуулсаар Сөнөд хошуу, улмаар Авгын хошуу дайран Шилийн гол аймагт шинэхэн тавьсан засмал замаар 130 км|цагийн хурдтай давхисаар ирлээ. Авгын хошуу дөхөж ирмэгц Чингис хаан Билгүүдэйд тасалж өгсөн нутаг учраас Авгын хошуу гэж нэрлэсэн, тэгээд ч Билгүүдэйн гацаа гэж нэртэй суурин байгаа гэх зэргээр тайлбарлах нь эндхийнхэн үүх түүхээ сайн мэддэгийг илтгэнэ. Ер нь л өвөр монголчуудтай түүх, угсаа гарлын тухай яриа өрнүүлэхэд биднээс хавьгүй сайн мэдлэгтэй.
Шилийн гол аймгийн төв Шилийн хот нь Эрээнээс хавьгүй том, шинэ шинэ байшин барилгуудтай. Шинэ орон сууцнууд нь ихэвчлэн хоосон бөгөөд хятад хүмүүс олноор суурьшиж байгаа гэнэ. ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот л гэхэд 3 сая хүн амтай бөгөөд 300 шахам мянга нь л монгол үндэстэн. Үлдсэн нь эх газрынхан. Одоо Шилийн гол аймагт 1 сая орчим монголчууд амьдардаг. Бид цааш зүүн хойд зүгийг чиглэн давхисаар Зүүн Үзэмчин хошуунд ирлээ. Энэ нь газар зүйн байрлалаар Сүхбаатар аймгийн Дарьганга сум, Шилийн Богд уулнаас зүүн урагш ердөө 70 км-т Эрдэнэ цагааны Бичигтийн боомтоос 40 орчим км-т байх бөгөөд тэднийхээр бол сум, хошуу манайхнаар бол манай аймгаас том бөгөөд мөн л шинэ шинэ барилга, орон сууцтай суурин байна.

Монгол хүн өөрийн унаагаар Бичигтийн боомтоор гараад Үзэмчин хошуунд ирэх боломжтой. Ирэх жилийн 7-р сард энэ хошууны 60 жилийн ой болно гэнэ. Хошуун даргатай танилцлаа, 60-н жилдээ ач холбогдол өгч, их ажил өрнүүлж байгаагаа хуучилна билээ. Ойн баяртаа зочлохыг урьсан, ирэх жил мотоцикль эсвэл машинаар очих санаатай, энэ газарт очих хүсэлтэй хүн байвал ганзага нийлэн хамт аялахыг дашрамд урьж байна. Гэр бүлээ аваад гараад давхичихъя.

*** 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын авто аялагчдад зориулсан аялал зохион байгуулах саналтай байна***

Ерөнхийдөө монгол нутгаараа аялчихсан, машин тэрэгнийх нь “уяа сойлго” нь таарчихсан эрхэм андууд сонирхоно уу.

За одоо яг сонирхсон, яг бичмээр байгаа зүйлдээ орно оо, дэмий баахан “хадуурлаа”

Миний хамгийн сонирхож байсан зүйл бол тухайн нутгийн малчин зон олны амьдрал ахуй, аж байдал.

Нутгийн малчид элбэг хангалуун, сайхан аж төрдөг юм байна. Улсаас нь малчдаа их дэмждэг юм байна. Бас л манайхантай адилхан малчид нь үр хүүхдээ дагаад хот суурин бараадах үзэгдэл газар авч, хөдөө нутаг эзгүйрэх, мал аж ахуй хумигдах тийшээ хандаж. Үүнийг улс анхаарч бүх суурин, гацаад руу цардмал зам тавьж, цахилгаан татжээ. Малчин бүрт улсаас байшин барихад нь дэмжлэг үзүүлж, тухайн хот айлд цахилгаан татаж, гүний худаг барьж өгдөг юм уу даа. Үндсэндээ бол хүнд цахилгаан, ус хоёр байхад хаана ч амьдарч болдог аж. Малчдад нутаг зааж өгч, хашаа татна. Тэр ногдсон газарт маллах бог болоод бодын тоог бас заана. Жил бүр малынх нь тоогоор багахан тэтгэмж өгнө. Харин малчид нь малынхаа ашиг тусыг өөрсдөө хүртэнэ. Машин техник худалдаж авахад нь улсаас мөн л дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Тухайлбал шинэ машин худалдаж авахад 20 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг ажээ. Дээрх бүх хөнгөлөлт, дэмжлэг тариачдад мөн адил хамаатай. Ингэж л их гүрэн хөдөө аж ахуйгаа дэмждэг юм байна. Ийм дэмжих бодлого 10-аад жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд аймаг, хошуу бүрт харилцан адилгүй гэнэ.

Мал аж ахуйтай зэрэгцээд өнөөх л уул уурхай бас цэцэглэн хөгжиж байгаа дүр зураг энд тодхон. Малчны хашаан дотор газрын тос сордог насос ажиллаж л байна. Нүүрс ачсан машинууд ч давхиж л байна. Газраа ингэж ашиглуулж байгаа малчинд, бэлчээр сүйтгэсний төлбөр жил бүр өгдөг юм байна. Ер нь бол аль аль талд нь ашигтайгаар шийдээд өгчихөж.

Ерөнхийдөө нүүдлийн мал аж ахуй фермерийн аж ахуйд шилжиж байна. Бэлчээр даган нүүдэллэж, гэрээ дугуйлж амьдардаг байсан малчид нүүдэл суудал гэлгүйгээр тохилог байшин барин аж төрдөг болж.

Газар нутгийн хувьд бол малд бол жаргалын орон гэлтэй. Манай Сүхбаатарын урд сумууд шиг өвс нь халиуран найгаж, хараа цуцам ногоон тал үргэлжилнэ. Хонин сүрэг нь бидний мэддэг илүү нугаламтай хонид. Бэлчээр ус нь сайхан болоод ч тэр үү, хонь мал өнгөтэй ч гэж жигтэйхэн, тарган ч гэж янзтай. Яг л ногоон ширдгэн дээр цацсан сувд шиг.

Үхэр сүргийн хувьд малчид өөр өөрсдийн үхрийн тоонд таарсан үхрийн байр барьжээ. Миний зочилсон айл гэхэд 200 үхрийн байртай. Зуд болсон ч айх аюулгүй. Гэхдээ энэ сайхан нутагт зуд болоод ган ер болдоггүй гэнэ билээ. Энэ айл үхэр сүргийнхээ тоог тогтмол 200-д барьж, цөм сүргийнхээ ашиг шимийг хүртэн амьдардаг аж. Нэг үхэр амьдаар бол 3 сая, боловсруулбал 5 сая төгрөг хүрдэг юм байна. Би хаана ч явсан юмны үнэ ханш асууж явдаг юм. Энд ч ялгаагүй. Ийм асуултын хариуд “Тэдэн түмэн зоос” л гэх юм. Зоос гэдэг нь мэдээж юань. Түм нь мэдээж 10 мянга. Тэдэн түм гэснийг таван оронтой тоонд шилжуулж, түүнийгээ 320-оор |1 юань-320 төг| үржүүлж, тоо бодож явлаа.
Малчин ард нь зочломтгой. Халх монголоос ирсэн гэхээр цаанаа л нэг элгэмсүү угтана. Энэ нутгийн онцлог нэг зүйл байна аа. Мах их идэх юм. Өглөө мах, өдөр мах, орой мах. Говийн мах шиг сайхан ч амттай юм. Сайхан ч боловсруулах юм. Хошуунд буудалд байхдаа өглөө цайны газар зорьж очиж цайлахад нутгийнхан том аяганд хийцтэй цай хийгээд боорцог дэвтээн идэж, хоёр хуруу зузаан өөхтэй хонины хавирга огтолж сууна. Би л лав ийм монгол ахуйтай өглөөний цайг үзээгүй ээ. Хажуу ширээний хүмүүс чанасан толгой зааж, цаад талын ширээнийхэн хонины гэдэс дотрыг хуурч авчруулан бинтэй зооглож байгаа харагдана. Үнэхээр сонирхолтой. Энд суурьшсан хятад үндэстнүүд ч ийш тийш явахаараа ийм цайгаа, махаа санаад байж чаддаггүй болдог гэсэн. Өглөөний цай ийм “хөнгөн” байгаа юм чинь өдөр болоод оройн зоог ямархуу байх нь төсөөлөгдөж байгаа болов уу. За оройн зоог ч яах вэ, ганц нэг хундага хатуу юмтай зохицоод явчихна. Харин өглөө босоод дахиад л мах иднэ. Гойд сайхан амттай мах.
Зүүн Үзэмчин хошуунд Дундговь гэж нэг сум байх юм. Эндээс алдартай уртын дуучид, урлагийнхан олноор төржээ. Яг манай дуу хуурын өлгий Дундговь аймаг шиг. Ер нь бол нэг аймгаас 3-4 алдартай урлагийн хүн төрдөг байхад энэ хошуунаас 30-40-өөрөө төрсөн байх юм. Үзэмчин нутагт богинын дуу гэж бараг алга. Дандаа уртын дуу. Найр наадам дээрээ үзэмчин нутгийн уртын дуу гэж өвөрмөц аялга, цохилготой дуу дуулах юм. Ийм гайхалтай тал нутагт амьдардаг хүмүүс уртын дуу дуулахаас өөр яах билээ гэж бодогдоно.

Өвөр Монголд аймаг хошууд овоо тахилга наадмыг зун цагт 2-3 удаа хийдэг ажээ. Дээхнэ үед хошууны овоо тахилга өргөн дэлгэр болдог байжээ. Айл бүр сайн дураараа 18 хонь, 1 үхэр хандивлаж, түүнийгээ бүгдийг чанаж боловсруулан, том машин дээр ачин авчирч наадамчдад тарааж өгдөг байж. Дунджаар 10 айл ийм хандив өгч 180 хонь, 10 үхрийг нэг дор чанаж болгон, ардууд цугаар хишиг хүртэн хувааж иддэг байсан гэнэ. Тэвшин дээр ачсан махыг хүрздэж түгээнэ. Өвсны сэрээ ч ашиглана. Үүний дараа шөлөнд чанасан будааг гэрүүд болоод майхан бүрт түгээнэ. Урьд цагийн энэ дурсамж өнөөгийн бидэнд үлгэр домог шиг сонсогдоно. Гэхдээ хэдэн зуунаар биш хэдхэн аравнаар тоологдох он жилүүдийн өмнөх явдал гэж бодоход соньхон.

Цагтаа Монгол улс гүрэн маань Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэл, Алтай нуруунаас Солонгосын хойг хүртэл өргөн уудам нутагтай, төрт улс байжээ. Он цагийн урсгалд танагдан, хасагдсааар өнөөгийн бидний энэ газар нутаг үлдсэн байна. Өөдрөгөөр харвал дэлхийд 17-т бичигдэх өргөн уудам нутагтай, чамлангуй харвал өвөг дээдсээс үлдээсэн нутгийн өчүүхэн хэсгийг өвлөж авч үлджээ, бид.

Бид өнөө энэ нутаг дээрээ 3 саяуулаа, бидэнтэй хаяа залган урд нутгаар 4 сая монгол, хойд нутгаар сая орчим буриад зон аж төрж байна. Тэгэхээр бид 8 саяуулаа аж төрж байна гэсэн үг. Ер нь бол дэлхий дээр монгол үндэстэн 40 гаруй сая байдаг гэсэн.

Бидний монгол үндэстнүүдийг зөвхөн газар нутаг, хил хязгаар л тусгаарлаж байна. Сэтгэл зүрх, оюун санаа, зан заншлаараа бол бид харин нэг л зон олон. Манайхны зарим хүмүүс өвөр монголчуудыг нүд үзүүрлэж, гадуурхах хандлагатай байдаг. Хувь заяаны эрхээр нутаг заагдан, нэг л өглөө сэрэхэд хилийн наана цаана таслагдан, өөр өөрийн харьяатай болсон монголчууд бие биеэ ийн гадуурхах хэрэг юу билээ. Түүхээ, удам угсаагаа мэдэхгүй улсууд л нэгнээ эс хүлээн зөвшөөрч, ийн гадуурхдаг болов уу. Хэзээний л нэг үг байдаг. “Ар монголчууд нь өвөр монголчуудаа хятадууд гэнэ, харин хятадууд нь болохоор тэднийг “үхэр монголчууд” гэнэ” Ийм л нэг бидэнтэй яг ижил монгол үндэстэн хэн хүнд гадуурхагдан аж төрсөөр байна. Босоо монгол бичгээрээ уншдаг, бичдэг, уртын дуугаа дуулан, хуур цуураа тоглон суудаг монгол түмэн гэж бодоход сэтгэлд ойр бөгөөд дотно.
 

Б.Ижилмөрөн
 

Бусдад түгээх
  • gplus