Японд өндөр цалинтай дадлагажигч илгээх асуудал хоосон амлалт байв уу
УИХ-ын дарга З.Энхболд болон бусад албаныхан энэ сарын 1-3-нд Япон улсад ажлын айлчлал хийсэн. Тэд онгоцноос  буунгуутаа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Монгол залуусыг Япон улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил явж байна. Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй дадлагажигч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажиллаж байна. Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн гурван жил Япон улсад дадлагажаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдгаас, Солонгост авдгаас өндөр. Тэгэхээр бид гурван жилийн хугацаанд цэргийн албанд явуулдаг бол гурван жилийн хугацаатай мэргэжилтэй, ажилтан болгох сургалтад явуулж байгаа юм” хэмээн мэдэгдсэн.

Харин Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг биелүүлэхийн тулд хөрөнгийн болон хүн хүчний урсгалыг бий болгох шаардлагатай байгаа. Тиймээс Монголоос Япон руу мэргэжилтэн ажилтан бэлтгэхээр болж байна. Хамгийн гол зорилго нь Японоос технологи импортлох, залуучуудын дорнын соёлд суралцуулах байгаа. Энэ ажлын хүрээнд Японы талтай тооны тухайд нэлээд ярилцсан. Янз бүрийн тоо ярьсан ч нэг л зүйлд тохиролцсон. Тэр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хэдий хэмжээний залуус хэрэгтэй байна төдий хэмжээний хүнийг дадлагажуулна гэсэн. Тиймээс МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлээс эхлээд Япон руу дадлагажуулах мэргэжилтэн ойрын хугацаанд бэлтгэж эхэлнэ” хэмээсэн билээ.

Гэтэл энэ асуудалтай холбогдуулан Японы Элчин сайдын яамнаас “Сүүлийн үед Япон улсад дадлагажигч гаргах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цөөнгүй мэдээлэл гарах боллоо. Ингэхдээ 10 мянга, 100 мянган дадлагажигч илгээнэ, өндөр цалинтай ажиллуулна хэмээн дурдсан байна. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яаманд иргэдийн зүгээс санал хүсэлт, асуулт тогтмол ирсээр байна. Иймд, бодит байдал ямар байгаа тухай товч мэдээллийг нийтэд хүргэх шаардлагатай гэж үзлээ. Япон улсад гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Ирэх намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа хэдий ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд Японд дадлагажигч илгээх сонирхол бүхий улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж, гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах ажил хийгдэх бөгөөд үүний дараа л тодорхой тоо, чиглэл, нөхцөл болзлын тухай яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна.

Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичиг нь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа  тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм.  Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болно. Дээр дурдсан дадлагажигч гаргах асуудал ч үүнд хамаарч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн элдэв ташаа мэдээлэлд авталгүй, асуудал шийдэгдэн тодорхой болтол аливаа яарсан алхам хийхгүй байх нь зүйтэй болов уу” хэмээн мэдэгдсэн байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus