МАХН-ын дарга Н.Энхбаяр Дорнод, Хэнтий аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

МАХН-ын орон нутаг дахь сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт Монгол орны зүүн хязгаар буюу  Дорнод аймгаас эхэллээ.

МАХН-аас Дорнод аймгийн УИХ-ын сон­гуулийн 14 дүгээр тойрогт Ж.Энхжаргал, 15 дугаар тойрогт Ш.Ганболд нар нэр дэвшиж байгаа юм. Мөн орон нутгийн ИТХ-д 28 хүн нэр дэвшиж байна. Өнгөрсөн ням гаригт МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус аймагт хүрэлцэн очиж аймгийн радио, телевизийн ярилцлагад орсны дараа аймгийн төв талбайд иргэд, хөдөлмөр­чидтэй уулзсан юм.

Нутгийн иргэд өргөнөөр оролцож, халуун дотноор хүлээн авсан уулзалтын үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Улаанбаатарт намынхаа сонгуулийн сурталчилгааны нэгдсэн нээлтийг хийчихээд хөдөө орон нутагт ажиллах үүргээ биелүүлэхдээ хамгийн эхлээд нар мандах Дорнод аймгийг зорьж ирлээ. Өнгөрсөн долоон жил бидний хувьд, Монголын хувьд доройтсон алдагдсан он цаг байсныг ард түмэн хэлж байна.

Өнгөрсөн долоон жилд 45 их наяд төгрөгийн өрөнд орж, Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болжээ. Тиймээс сонгуулиар үүнийг өөрчилье гэж хэлж байгаа ард түмний захиас даалгаврыг манай намынхан биелүүлж өөрчилсөн шиг өөрчилье гэж зорьж байгаа. Их Монгол Улсаа эмхлэн байгуулах, бүтээх цаг үе ирлээ гэж бодож байгаа. Мянганы замыг эхлүүлж байсны адил мянганы төмөр замыг эхлүүлье. Хөдөөг хоттой ойртуулж хөгжлийг урагшлуулсан мянганы төмөр замыг Дорнодоос эхэлнэ. Их бүтээн байгуулалтын ажилд орон сууцгүй айлуудыг байртай болгох ажил бий. Өнөөдөр Монголд 450 мянган өрх орон сууцгүй байна. Хүүхэд залуусаа хүмүүжүүлэх тохилог орчинг бүрдүүлж өгье. Энэ бол зарим нам хүмүүсийн хэлж байгаа хэзээ ч бүтэхгүй ажил заавал хийх ёстой зүйл гэж манай намынхан харж байгаа. Төр засаг орон сууцгүй айлаа өөд нь татахын төлөө явахгүй бол өөр юуны төлөө ажиллах ёстой юм бэ. 450 мянган орон сууц өнөөдрийн өрийн хэмжээ буюу 22 тэрбум ам.доллараар босох боломжтой. Мөн манай намын бас нэг зорилго бол оюутны сургалтын төлбөрийг төр даадаг болох тогтолцоо руу үе шаттайгаар шилжих явдал. Энгийн иргэд оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд дааж давшгүй өрөнд орж байгаа явдлыг 10 жилийн дотор бүрэн халах боломжтой” гэдгийг онцолсон.

Дорнод аймгийн УИХ-ын 14, 15 дугаар тойрогт нэр дэвшигчид намынхаа мөрийн хөтөлбөрийг түшиглэн хий хоосон амлалт уриа биш хэрэгжих бодит боломжтой “Их бүтээн байгуулалт”-ын төсөл, “Жаргалын найман хот”, “Мянганы төмөр зам” зорилтот хөтөлбөрийг дэвшүүлж буйг нутгийн иргэд дэмжиж буйгаа илэрхийлж байв. Эдгээр төсөлд Дорнод аймаг бүрэн хамрагдаж байгаад намын гишүүд, дэмжигчид талархаж байгаагаа хэлж байв. Тухайлбал, Дорнод аймгийн дөрөвдүгээр багийн иргэн Л.Мөнхбат “Би зурагтаар мэдээлэл авлаа. Мөн Н.Энхбаяр даргын ярьсныг сонслоо. МАХН-ын мөрийн хөтөлбөр алсаа харж, ирээдүйгээ бодсон хөтөлбөр болжээ. Бусад намуудынхыг яаж ч харьцуулж уншаад Жаргалын найман хот, төмөр зам, ард түмний ачааны хүнд болох оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах зэрэг иргэдийн амьдрал, улс орны хөгжлийг өөд нь татсан бодлого шийдвэр алга. Ямар хүн дэвшиж байгаа нь бус мөрийн хөтөлбөр нь хэрэгжих бүрэн боломжтой намыг багаар нь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Иргэдтэй хийсэн уузалтын үеэр 14 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Ж.Энхжаргал  “Нефтийн үйлдвэрийг Дорнод аймагт байгуулж, Монгол Улсыг бүхлээр нь нефтээр хангадаг аймаг болох ёстой. Дорнод аймгаас 21 аймаг руу төмөр замаар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Сонгуулийн хувьсгалыг орон нутгаас эхэлье” гэдгийг иргэдэд уриаллаа.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр маргааш нь буюу даваа гаригт  Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн сонгогчидтой уулзав. Тус аймагт МАХН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугээр тойрогт улсын начин Б.Одхүү, 41 дүгээр тойрогт “Сантхаан Интернэйшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ариунжолоо нар нэр дэвшиж байгаа юм. Харин орон нутгийн ИТХ-д найман хүн өрсөлдөж байна.  Аймгийн иргэд хөдөлмөрчдөд УИХ, орон нутгийн ИТХ-ын нэр дэвшигчдийг танилцуулсны дараа намын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонгогчдод танилцуулж, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр тус намаас Хэнтий аймгийн 42 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Одхүү “Одоогийн нийгэм улстөрийн байдал хуйвалдсан урвасан МАНАН-тай байна. Тиймээс эхний ээлжинд болохгүй, бүтэхгүй байгаа нийгмээ өөрчлөх шаардлагатай байна. Доройтсон долоон жилийг ардаа орхиж өөрчилсөн шиг өөрчилье. Би бөх хүн улс төр надад хамаагүй гээд суух боломж байна. Гэхдээ улс орон, төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө гар бие оролцохоос өөр арга алга” гэдгийг онцолсон юм. Мөн  аймгийн 41 дүгээр тойрогт нэр дэвшигч П.Ариунжолоо “Намынхаа хөгжлийн хувьсгалыг эхлүүлж, сонгуулийн хувьсгал хийх ажилд гар бие оролцож байгаад баяртай байна. Чингис хотыг Жаргалын найман хотын нэг болгохын тулд ард түмний итгэлийг дааж, багаараа ажиллах ёстой. Иргэд манай намын бодлого шийдвэрийг дэмжиж сонголтоо зөв хийнэ гэдэгт итгэж байна. Манай нам 2016 оны сонгуульд залуучуудыг багаар нь гаргаж ирж, дэмжиж байгаа” гэлээ. Чингис хотын иргэдийн хувьд ч МАХН-ын 10 жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч 30 орны тоонд орох бүрэн боломжтой гэдгийг дэмжиж байгаагаа хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАХН-ын сонгуулийн штаб
 

Бусдад түгээх
  • gplus