Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээллүүдийг хүргэж байна.
 

Ерөнхийлөгч Мьянмарт айлчлав

 
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад энэ сарын 14-16-ны өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийсэн юм.
Ерөнхийлөгчийг Нэйпидо хотын олон улсын нисэх онгоцны буудалд гаргаж өгөх үеэр Мьянмарын Гадаад хэргийн Төрийн сайд У Чяу Тин, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын Улс төрийн газрын захирал Кяав Зеяа, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Мөн тэрбээр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзсан юм.
Мөн Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Саналын хуудас хэвлэж дууслаа

 
Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг өнгөрсөн долоо хоногт дуусах шатандаа орсон талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар тухайлбал, Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн 7 аймагт санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдсэн байна. Бусад аймаг, нийслэлийн дүүргүүдэд хүргэгдэх саналын хуудсыг  хэвлэж дуусгах, санал тоолох техник төхөөрөмж тээвэрлэн хүргэх ажил эрчимтэй үргэлжилж  улмаар энэ сарын 20-ны өдөр бүрмөсөн дуусгахаар шамдан ажиллаж байгаа аж.
Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байгаа билээ.
 
НӨАТ-ын журамд өөрчлөлт оруулав

Энэ оноос эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр 19.30 цагт эхэлнэ. Сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар журамд өөрчлөлт оруулсан байна.
Иймээс иргэд өнгөрсөн сарын 1-ээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан баримтаа энэ сарын 18-ны өдөрт багтаан бүртгүүлж ирэх ням гаригт болох сугалаандаа оролцох боломжтой аж.
Түүнчлэн албан татвар төлөгч нь төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахын тулд төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх шаардлага тавигдаж байна.
Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг шуугиан дэгдээв

Энэ сарын 14-ний өдөр Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг цацсан.
Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаад сууж байгаа 26 секундын бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тус бичлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны албан өрөөндөө тамхи татангаа “Архи уух, тамхи татах, секс хийх энэ гурав бол хүний амьдралд байх ёстой зүйл” хэмээсэн байв.
Энэ талаар сэтгүүлч Б.Алтаншагай “Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье гэсэн бичгийн хамт ирсэн. Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая төгрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна” гэсэн юм.
Үүний УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  “Та нар надад мөнгө барьж ирээд, намайг унагах гэж ирж реалити шоу хийж байгаа юм уу. Х.Бат-Ялалтаа чи сонгуульд мөнгө хэрэгтэй байна гээд надаас найз нөхдийн шугамаар 50 сая төгрөг зээлж авсан. Эмэгтэйчүүд рүү эрчүүд нь ингэж дайрч байгаа юм бэ. Би тэр бичлэгийг одоогоор үзээгүй байна. Үзсэний дараа би мэдэгдэл хийнэ. Та нар шударга өрсөлд” гэсэн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus