”Спа” усыг гүний худгаас шууд савлаж зардаг байжээ
НМХГ-ын улсын байцаагчид иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн 579 тоот хашаанд байрлах “Хатан сувд” ХХК-ийн үйлдвэрийн байранд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа “Спа ватер” ХХК-ийн савласан цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрлэсэн “СПА” нэрийн 5, 18.9 литрээр савласан цэвэр ус нь “Үйлдвэрлэх зөвшөөрөл бүртгэлгүй үйлдвэрлэгдэн зарагдаж байсныг илрүүлжээ. Тус нэрийн усыг үйлдвэрлэхдээ гүний худгаас шууд савлаж зардаг болох нь тогтоогджээ. Үйлдвэрт ус шүүх тоног төхөөрөмжүүд байгаа боловч нэгээс бусад нь эвдэрсэн, ажилладаггүй байжээ.

Мөн усны баллон, хуруу шилний үүсэл тодорхойгүй, техникийн баримт бичиг дутуу, усны сав баллоныг угаах цэвэрлэх ариутгал хийх байдал хангалтгүй, баллоныг шалан дээр тавьсан, бохирын худагны таг эвдэрсэн ил, 5 литрийн усны савыг угааж, цэвэрлэдэггүй, баллоны цэвэрлэгээ хангалтгүй.

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Хүнсний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дах заалтуудыг үндэслэн “Спаватер” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн усыг худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus