Өөр газар санал өгөхөөр шилжиж байгаа асуудлыг шалгуулна гэв
МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Э.Эрдэнэжамъян болон УИХ-ын сонгуулийн 75 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч О.Цолмонгийн сонгуулийн штабын менежер Ц.Уугангэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАХН-ын сонгуулийн төв штабын дарга Э.Эрдэнэжамъян “Улс төрийн намууд, нэр дэвшигчид шударгаар хуулийн дагуу ард түмэндээ өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийн зорилгыг танилцуулж өрсөлдөхөөс илүү бие биенийхээ талаар хар материал, муу муухай мэдээлэл цацах маягаар өрсөлдөж сурталчилгааны ажилд хууль бусаар нөлөөлөх хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж  байна. Тиймээс МАХН-аас улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хуулийн дагуу зөв шударга өрсөлдье гэсэн уриалгыг хүргүүлж байгаа юм. Жишээлбэл, манай намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа доктор н.Өлзийсайханы сурталчилгааны самбарыг удаа дараа унагааж  эвдэлсэн. Сонгиохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа О.Цолмонгийн суртачилгааны самбарыг урж, эвдэлж, сэгэлсэн. Мөн нийслэлд нэр дэвшиж байгаа С.Орхонбаяр гэдэг залуугийн зургийг хутгаар сийчсэн. Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Төмөрбаатарын зургийг шавар шавхайтай хольж албаар урж сийчсэн байна.  Энд зарим нэг жишээг л дурьдаж байна. Түүнээс нэгнийхээ харлуулах гэсэн, сурталчилгааны самбарыг нь сүйтгэсэн маш их хууль зөрчсөн үйлдэл гарч байна.  Хүмүүс явуулж албаар хорлон сүйтгэж байна.Мөн сонгуулийн өдөр MCS, Талх чихэр, Женкотур зэрэг томоохон компаниудын ажилчид Хөвсгөл, Баянхонгор аймгийн амралтын газруудад хэдэн зуугаараа амрах тухай яригдаж байгаа. Тэд санал өгөхийн тулд түр шилжиж  хаягаа солиулсан. Энэ мэтээр 21 аймагт Улаанбаатар болон бусад тойрог дүүргээс хэдэн зуугаараа шилжиж байна. Энэ асуудлыг тусгайлан шалгадаг Тагнуулын байгууллагын алба хэлтэс ажиллаж байгаа юм байна лээ. Бид Иргэний бүртгэл, статистикийн газарт хандаж тодруулга авсан. Мөн тагнуулын байгууллагад албан ёсоор хандсан. Зөвхөн сонгуульд санал өгөх зорилгоор түр зуур шилжсэн хүн байх юм бол шилжсэн болон шилжүүлсэн хүнийг, үүнд оролцсон төрийн байгууллагын ажилтанд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн” гэлээ.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus