Л.Эрдэнэчимэгийн үнэнийг илчилсэн Х.Бат-Ялалтыг буруутгах ёсгүй гэв
Л.Эрдэнэчимэг гишүүний  төрийн ордон дахь өрөөндөө архидан, согтуурч  буй 26 секундын бичлэгийг энэ долоо хоногийн эхээр “Ийгл” телевизийн  сэтгүүлч Н.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар  олон нийтэд ил болгосон. Уг бичлэгийг олон нийтэд ил болгох үеэрээ тэд  “УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уг бичлэгээ устгуулахын тулд 50 сая төгрөг амлаж, дансанд нь шилжүүлсэн. Бид шударга ёсны төлөө энэхүү мөнгийг нь өгөхгүй буцааж өгнө” хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүн уг бичлэгийг устгуулахын тулд 50 сая төгрөг өгөөгүй харин Х.Батялалтад зээлүүлсэн хэмээн мэдэгдсэн. Тэрбээр өрөөндөө тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэсэн  үйлдэлдээ олон нийтээс уучлал хүсэж, торгуулийн 50 мянган төгрөгөө төлсөн юм.

Талууд ийн зөрүүтэй байр суурь илэрхийлж, олон нийтийн анхаарлын төвөд байсан. Иргэд ч бичлэг хийлгэсэн Л.Эрдэнэчимэг, бичлэгийг хийсэн гэгдэж буй Г.Уянга гишүүн болоод  бичлэгийг олон нийтэд цацсан Х.Батялалт, Н.Алтаншагай нарыг бүгдийг буруутгаж, сонгуульд тэдний хэнийх нь ч төлөө саналаа өгөхгүй байхыг анхааруулах болсон. Тэгвэл өнөөдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийж Х.Бат-Ялалтад буруу байхгүй төрийн эрх барьж буй түшээ хүний гаргаж боломгүй үйлдэл гаргасан Л.Эрдэнэчимэг гишүүний үнэн төрхийг илчилсний төлөө түүнийг олон нийтийн сүлжээгээр буруутгаж байгаад харамсаж байна хэмээн мэдээллээ.

Түүнчлэн тус байгууллагынхан тэргүүнийхээ үйлдлийг иргэн хүнийхээ зүгээс хийсэн зөв алхам хэмээн үзэж байгаа аж: Мөн Х.Бат-Ялалт Л.Эрдэнэчимэгийн хэлж буй шиг өөрөөс нь мөнгө зээлэх хэмжээний дотно харилцаатай танилууд биш гэдгийг батлан хэллээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр тэд Л.Эрдэнэчимэг гишүүний дээрх бичлэгээ устгуулахаар өгсөн 50 сая төгрөгөө долоо хоногийн дотор буцаан авахгүй бол сайн үйлсэд хандивлана гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus