Хүлэмжийн ногоо тариалалтыг нэмэгдүүлнэ
Энэ онд улсын хэмжээнд хүлэмжийн ногоо тариалалт 6000 орчим тонн болно гэж ХХААЯ-аас мэдээллээ. Өнгөрсөн онд хүлэмжид тариалсан 4400 орчим тонн ногоо хураан авсан бөгөөд энэ нь дотоодын хүнсний ногооны хэрэглээний зургаан хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Үүгээрээ цаашид хүлэмжийн ногоо тариалалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа аж. 

Мөн өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлснээр зөвхөн өргөст хэмх, улаан лооль, чинжүү, салатны байцаа, гүзээлзгэнэ зэрэг нарийн ногооны импортын 20 шахам хувийг дотоодоосоо нийлүүлхээр болсон. Одоогоор манай улсын хэмжээнд 1000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн хүлэмжид ногоо тариалж байгаа бөгөөд үүнээс 100 гаруй аж ахуйн нэгж нь зах зээлээ даган Улаанбаатар хот болон Төв аймаг орчимд төвлөрч байгаа юм. 

Хүлэмжийн ногоо тариалалтад нарийн ногоо, жимс жимсгэнэ ихэнх хувийг эзэлдэг. Тухайлбал “Ногоон сор” компани өвөл, зуны нийлсэн 32 хүлэмжтэй бөгөөд тарвас, бууцай, салатны навч зэрэг 10 гаруй төрлийн жимс, жимсгэнэ нарийн ногоо тариалж байна. Жилд дунджаар 165 тонн ногоо болон нэг тонн гаруй гүзээлзгэнэ хураан авах хүчин чадал бүхий өвлийн хүлэмжтэй аж. 

Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 150 гаруй аж ахуйн нэгж нийт 311.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт гаргаад байгаа бөгөөд үүнээс Чингис бондын хөрөнгөөр нийт 17.4 сая ам.доллар буюу 27.3 тэрбум төгрөгийг олгожээ.  
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus