Урлагийн бүтээлээс үүдэж албан тушаалаасаа огцров

Японы нийслэл Токио хотын захирагч 67 настай Ёичи Масузоэ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсвийг шамшигдуулсан хэргийнхээ хариуцлагыг үүрч, албан тушаалаасаа огцрох өргөдлөө албан ёсоор гаргажээ. Улмаар түүний өргөдлийг Токио хотын зөвлөл хүлээн авснаар энэ сарын 21-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна.
 
Түүнчлэн төсвийн мөнгө шамшигдуулсан гэх Ёичи Масузоэд итгэл үзүүлэх эсэх талаарх санал хураалт ч болжээ. Хотын Ерөнхий зөвлөл болон Комэй нам өнгөрөгч лхагва гарагийн өглөө түүнд итгэл үзүүлэх асуудлаар хуралдаж, ихэнх нь эсрэг байр суурийг илэрхийлснээр Ёичи хотын даргын суудлаас огцрохоос өөр аргагүй болсон байна. Эдүгээг хуртэл хотын Ерөнхий зөвлөл захирагчдаа итгэл үзүүлэх эсэх асуудлаар хуралдаж байсан тохиолдол бараг үгүй ажээ.
 
Тэрбээр Токио хотын захирагчаар сонгогдсоноосоо хойш хоёр жил дөрвөн сарын хугацааны дараа огцорч буй нь энэ юм. Ёичи Масузоэг төсвийн хөрөнгөөр гэр бүлийн аялал зохион байгуулж, урлагийн олон арван бүтээл худалдан авсан хэрэгт буруутгаад байгаа юм.
 
Японы зарим хэвлэлд бичсэнээр 67 настай Ёичи Масузоэ 2013 онд гэр бүлийн аялалд 2000 гаруй ам.доллар, 2014 онд мөн дээрх зорилгоор 1200 ам.долларыг төсвийн хөрөнгөнөөс шамшигдуулсан байна. Мөн 2012-2013 оны хооронд 13.260 ам.долларыг урлагийн бүтээл худалдан авахад зарцуулсан байж болзошгүй гэж орон нутгийн сонинууд уламжилж байгаа юм. Японы “Санкэй” сонинд бичсэнээр Ёичи “улс төр болоод мөнгө”-ний дуулианд нэр холбогдон Токио хотын захирагчийн үүргийг гүйцэтгэх хугацаагаа дуусгалгүй суудлаасаа бууж буй хоёр дахь хүн болж байгаа аж.


Ёичи Масузоэ 2014 оны хоёрдугаар сард Токио хотын захирагч асан Иносэ Наокиг авлигын хэргээр суудлаасаа огцорсны дараах сонгуульд 2.11 сая хүний санал авч сонгогдсон юм...

 
Хотын сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр Токио хотын захирагчийн сонгуулийг товыг ирэх сарын 14-ний өдөр зарлаж, 31-ний өдөр нь санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ өдрийг албан ёсоор товлоогүй байгаа бөгөөд өнөөдөр зөвлөл хуралдаж, хотын сонгуулийн хороог байгуулж санал хураалт явуулах өдрийг хэлэлцэх юм байна. Хуульд зааснаар хотын захирагч хугацаанаасаа өмнө огцорсон тохиолдолд тухайн өдрөөс хойш тав хоногийн дотор сонгуулийн товыг зарлах ёстой байдаг аж. Мөн 50 хоногийн дотор сонгуулийн санал хураалтыг явуулах талаар заасан байдаг юм байна.
 
Ёичи Масузоэ 2014 оны хоёрдугаар сард Токио хотын захирагч асан Иносэ Наокиг авлигын хэргээр суудлаасаа огцорсны дараах сонгуульд 2.11 сая хүний санал авч сонгогдсон юм. Гэвч хилийн чанадад дахь аялалд хэт их мөнгө үрж байна гэх шүүмжлэлд өнгөрөгч гуравдугаар сараас хойш тасралтгүй өртөх болсон байдаг. Ямартай ч, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхөөсөө өмнө тэрбээр “Би хотын иргэдийн итгэлийг алдлаа. Би хэзээ ч хууль зөрчиж байгаагүй” хэмээн мэдэгдэж,олны шүүмжлэлийг эргүүлэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн бололтой. Тэрбээр ийнхүү огцорсноор “Токио-2020” зуны олимпийн бэлтгэл ажилд саад учруулж болзошгүй гэж зарим эх сурвалж онцолж байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus