Н.Алтанхуягийн “хүргэн”  Г.Дэнзэн хаачив
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр  АТГ-аас анх шалгаж эхэлсэн байдаг. Түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.  Одоогоор Г.Дэнзэнгийн хэрэг Нийслэлийн прокурорт хянагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон тэрбээр “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байсан юм. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын алба хашдаг байв.

Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Дэнзэнг томилсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг их сургуулийн ширээнээс гараад туршлага ч сууж амжаагүй өөрийн хүргэн дүү Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилчихлоо гэдэг асуудал гарч ирж байсан. Гэвч энэ үеэр Ерөнхий сайд ганц ч үг ган хийгээгүй.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайдын дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн компани ялалт байгуулсан болохыг илрүүлснээ мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийхээр очиход тус компанийн Тендэр шалгаруулах хорооны дарга н.Ганболд “Ч.Уянга эзэнтэй “Говь повер” ХХК нь тендерт ялж, гэрээ байгуулсан” хэмээн тайлбарлажээ.

Гэтэл шалгалтын явцад Ч.Уянга биш Г.Уянга болох нь тогтоогдсон байна. “Говь повер” компани нь Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө нэг сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Түүнийг нь Г.Уянга худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилж нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоод, тендэрт оролцож долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авчээ.  
Энэ бүхэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ үеэр  “Би Г.Дэнзэнг долоон жилийн өмнөөс танина. Түүнийг УБИС-д багшилж байхад нь авчирсан. Гол нь Оюутолгой болоод Тавантолгойн ТЭЗҮ-г хийлгэх гэж авчирсан. Тэр өнгөрсөн жилээс манай хамаатны охинтой явж эхэлсэн юм билээ. Тэдний хайр сэтгэл надад хамаагүй” хэмээн мэдэгдсэн.
Гэвч Г.Дэнзэнг эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан гэх энэ мэдээллийн араас Г.Дэнзэн төсвийн мөнгөөр өөрийн хамаатан саднуудаа Германд аялуулсан баримт дэлгэгдэж, Төрийн нэрээр Швейцарийн Элчин сайдын яамыг хуурсан гэх мэдээлэл цацагдлаа. 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга болсон Г.Дэнзэн нэг л өдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ тэрбээр “Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан юм юу ч байхгүй. “Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээгээд Ерөнхий сайдын дүүгийн охинтой гэр бүл болоогүй, зүгээр л хамтран амьдрагч” гээд хэлчих нь тэр. Түүгээр ч үл барам “Баян айлын хүүхдүүд УИХ-д орчихоод намайг гүтгэж байна. Би хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан” хэмээн мэдэгдсэн билээ. Үүний дараахан түүний эгч “Эрдэнэс-Тавантолгой” ХK-ийн Ханган нийлүүлэлтийн газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Одонгэрэл өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм.

Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдыг дуудаад “Ер нь энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчил. Шалгуул” гэж хэлсэн гэдэг.

Ийнхүү хүргэн хүү Г.Дэнзэнгийн17 тэрбумын тендерийн асуудал өнөөдрийн хүртэл шийдэгдээгүй байна. Түүнийг хэрэг ийнхүү удаашралтай байгаа нь Г.Дэнзэн Монголд байхгүй Германд сурч байгаатай холбоотой тухай эх сурвалжууд дуулгаж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus