Хэн юу хэлэв

УИХ-ын болон орон нутгийн сонгууль эхэлсэн энэ үед улстөрч бүхэн л улс орныхоо талаар санаа зовсон, эсвэл шийдэл эрсэн мэдэгдэл хийж буй. Гэвч бид энэ удаад “Хэн юу хэлэв” буландаа УИХ-д нэр дэвшч буй эрхмүүдийг онцлохыг хүссэнгүй. Харин сонгууль угтсан шоу ирэх онуудад эдийн засагт ямар хүндрэл авчрах талаар тооцоо судалгаатай ярьсан эдийн засагч болон нэр дэвшихийг горилоогүй улстөрчийн яриа, мөн нийгмийн анхаарал татсан зарим асуудлыг онцлохыг хүслээ.
 
Р.Амаржаргал: Эдийн засаг ирэх жилүүдэд нэлээд хүндрэхээр байна

 
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2012 онд бүрдсэн парламентаас УИХ-д нэр дэвшилгүй үлдсэн цөөхөн хэдэн улстөрчдийн нэг. Тэгвэл эрхэм гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн төлвийн талаар байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, “Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн идэвхжил суларснаас үүдэн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт огцом буурч, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Монгол Улсын хувьд урсгал дансны тэнцлийн тогтворгүй байдал нь ирээдүйд гадаад валютын нөөц болон гадаад өр төлбөрөө төлөхөд ихээхэн хүндрэлтэй байддыг үүсгэхээр байна. Мөн дотоод эрэлт буурсантай уялдан эдийн засгийн бодит салбар зогсонги байдалтай байна. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь банк, санхүүгийн салбарт эмзэг байдлыг үүсгээд байгаа. Ийм нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд иргэд маань сонгох, сонгогдох эрхээ эдэлж ард түмний хүсэл зорилгыг илэрхийлэгч байх учиртай УИХ-аа эмхтгэнэ. Төрөл бүрийн мэргэжил, нийгмийн давхаргын төлөөлөл УИХ орж ирэх буруу биш ээ. Гагцхүү сонгуульд дэвшч байгаа нам, эвсэл, бие даагчдад тулгамдсан асуудлыг ойлгож шийдвэрлэх арга замыг олоход нь тус дэм болох үүрэгтэй институц бүтэц болон улс төрийн бодлого агуулсан тогтолцоо маш сул байгаа нь дээрх эдийн засгийн хүндрэлийг улам даамжруулахаар байна. Иймд төрийн институцийн тогтолцоог сайжруулах үүднээс улстөржилгүйгээр мэргэжлийн Засгийн газар байгуулах шаардлага тулгарч байна” хэмээн бичсэн байна.
 
Эрхэм гишүүн өнгөрсөн дөрвөн жилд олон ч удаа мэргэжлийн Засгийн газартаа байхыг хүсч буйгаа илэрхийлж байсан юм.
 
Ж.Дэлгэрсайхан: Хувьцааг мөнгөжүүлсэн нь буруу шийдвэр
 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авахаар болсон билээ. Өнгөрөгч долоо хоногт арилжааны банкууд ачааллаа дийлэхээ больж, хувьцаагаа зарах гэсэн иргэдийн очер дараалал ихсээд байгаа юм. Тэгвэл энэхүү шийдвэрийг эдийн засгийн үүднээс нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан дүгнэснийг “news.mn” сайт нийтэлжээ.
 
Ж.Дэлгэрсайхан “Эдийн засгийн огт боломжгүй үед гаргаж буй буруу шийдвэр. Зөвхөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гэж харж байна. Хэрэгжүүлж буй цаг хугацааг хар л даа. Сонгуулийн сурталчилгаа эхлэх үетэй давхацлаа. Тараах үеийг нь харвал сонгуулийн санал өгөх хугацаатай давхцаж байна. Монгол Улсын Засгийн газарт ийм эдийн засгийн боломж байхгүй. Ямар нэг байдлаар санхүүжүүллээ ч гэсэн эргээд эдийн засагт, “Эрдэнэс Тавантолгой” компанид хохиролтой шийдвэр. Иргэдийн орлогын төвшин бага, амьжиргаа дор байгааг ашигласан явдал. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эрх мэдлээ буруу ашиглалаа гэсэн үг. Иргэдийн хувьд өмнө нь цэнхэр, ягаан тасалбарын гашуун туршлага бий. Мөн Засгийн газрын удаа дараагийн амлалтуудад хууртаж, хүлээж цөхөрсөн байдалтай. Тиймээс иргэдийг буруутгах аргагүй. Тэгээд ч Тавантолгойн үр ашиг хэзээ гарах нь эргэлзээтэй байдалд орсон. Үүн дээр нэмээд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ, Монгол Улсын өмнөд зах зээд рүү гаргаж буй нүүрсний хэмжээтэй холбоотой эргэлзээтэй асуудлууд бий. Тийм болохоор хувьцаагаа мөнгө болгоё гэсэн иргэдийг буруутгах арга байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
 
Эдийн засагчдын дийлэнх хувь нь Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.
 
Л.Нинжбат: Хуульчдын чадварыг шалгасан сонгууль болох нь

 
-УИХ-аар шинэчлэн баталсан хууль олон талаар шинэлэг, мөн нэр дэвшч буй хууччуулд бус шинүүдэд тун хатуухан хууль болж гарсан. Тэгвэл хуулийн төслийн талаар “gogo. mn” сайтын сэтгүүлч Хуульч Л.Нинжбаттай ярилцсаныг уншигч таньд тоймлон хүргэе. Л.Нинжбат хуулийн төслийн шинэлэг болон давуу тал, мөн анхаарах ёстой зүйл заалтын талаар ярихдаа “Сонгуулийн тухай хуулийн нэг гол онцлог нь маш олон хязгаарлалт, хоригтой. Нэн ялангуяа сонгуулийн сурталчилгааны зохицуулалтууд нь зөвхөн энэ хуульд заасан арга, хэлбэрээр хийгдэхийг л зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийсэн бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хүртэл зохицуулалттай. Намын удирдлагаас бусад этгээдүүд заавал үнэмлэхжинэ. Энд заасан этгээдүүдээс өөр үнэмлэхгүй хүмүүс сонгуулийн сурталчилгаа явуулбал тэр нь хуулийн зөрчил болох учиртай. Иймд нэр дэвшигчид олны танил хүмүүсийг өөрийн албан ёсны сурталчилгаанд ашиглахдаа нэлээд бодолтой байх ёстой болов уу. Арга хэрэгслийн хувьд хэвлэмэл материал тараах, радио, телевиз, интернэтээр хийх сурталчилгаа, ухуулах байр, уулзалт, хурал цуглаан хийх, зурагт самбар байрлуулах, намын далбаа ашиглах гэх мэт цөөн төрлийн сурталчилгааг зөвшөөрсөн. Өөрөөр сурталчилгаа хийж болохгүй.
 
Хамгийн энгийн жишээ гэхэд нэр дэвшигчийн сурталчилгааны штаб нь ухуулагч, шадар туслагч нараа ижил футболк, саравчтай малгайгаар хувцаслалаа гэхэд хувцсан дээрээ нэр дэвшигчийн нэр, уриа бичихийг хориглосон. Улс төрийн тавцанд нэгэнт олонд танигдаад “брэнд” болчихсон хүмүүсийн хувьд өөрсдийгөө дахин сурталчлах шаардлага бараг үгүй. Гэтэл шинэ залуу улстөрчдийн хувьд ийм хязгаарлалттай хуулийн хүрээнд сонгогдож гарах магадлал багатай хууль болсон байна гэдгийг судлаачид хэлж байна. Миний харж байгаагаар энэ сонгуулиар хуульчдын “тулаан” цөөнгүй болох байх. Хуульчид өчүүхэн алдаа гаргаж, нэр дэвшигчийг хууль зөрчихөд хүргэвэл нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах эрсдэлтэй. Өчнөөн олон зуун сая төгрөг сонгуульдаа зарцуулчихаад мэддэггүй, эсвэл хайнга нэгэн хуульчаасаа болоод нэрээ татуулчихвал харамсалтай биз. Ер нь сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотой зөрчил, маргаан их гарах төлөвтэй байна. Энэ сонгууль хуульчдын мэдлэгийг, шүүхийн шударга байдлыг шалгана” хэмээжээ.
 
Р.Барсболд: Манайд шинжлэх ухаан хэрэггүй бололтой
 
-Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн прокурорын газарт шилжүүлэх тухай 270 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн Газраас гаргасан билээ. Тэгвэл энэ шийдвэрийн талаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн палеонтологич, геологич Р.Барсболд байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр, “Манай хүрээлэнгийн байр зориулалтынх биш. Ер нь манай улсад зориулалтын байр байдаг юм уу. Хэрвээ дүүргийн прокурорын газарт шилжүүлэх юм бол 40-өөд эрдэмтэн, судлаачид багтах шингэх газаргүй болно. Мөн үлэг гүрвэлийн чулуужсан яснаас өгсүүлээд нүдэнд харагдахгүй шахуу чулуужсан бактерийн ор мөр хүртэл хадгалагддаг. Нүүлгэн шилжүүлэх боломжгүй олон олдворууд бий. Манай олдворыг дэлхий хүлээн авч байна. Тухайлбал, Япон улсын Нагояа хотод манай үлэг гүрвэлийн үзвэрийг хоёр сарын хугацаанд нийтэд дэлгэн үзүүлсэн. Энэ хугацаанд үзвэрийг 990 мянган хүн үзсэн байдаг. Энэ бол иргэдээ соён гэгээрүүлж буй том хөрөнгө оруулалт. Гэтэл дотоодод шинжлэх ухаан хэрэггүй гэж үздэг байхад гадны улсад манай орныг хүн ам багатай ч өргөн уудам нутагтай, нийгмийн хөгжлөөр тааруу ч хүн төрөлхтний танин мэдэхүйн шинжлэх ухааны салбарт асар их үүрэгтэй хэмээн үнэлж байх жишээтэй” гэв.

Монголын мэдээ
Б.Тогтох

Бусдад түгээх
  • gplus