Хувьцааны мөнгө төсөвт дарамт болохгүй гэв
Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн  1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэр гаргасан. Энэ  дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 323 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргасан байна. Хувьцаагаа худалдах хүсэлтээ эхний ээлжинд гаргасан 368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөг ирэх долоо хоногт тухайн иргэний дансанд орно гэж Засгийн газрын хуралдаанд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан мэдээллээ.

Ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргаж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир нь улсын төсвийн алдагдал өдгөө 800 тэрбум давсныг албаныхан мэдээлж буй. Манай улсын эдийн засгийн байдал ингэж хүндэрсэн үед иргэдэд  их хэмжээний бэлэн мөнгө тараах нь томоохон эрсдэл дагуулна хэмээн эдийн засагчид үзэж буй. Тэр ч бүү хэл иргэдэд тараах бэлэн  мөнгө байхгүй тул  энэхүү хувьцааны эх үүсвэрийг хаанаас гаргаж байгааг цагдаагийн газраар шалгуулах өргөдөл өгсөн тухай өчигдөр ИЗНН-аас мэдэгдсэн. 

Тэгвэл  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгажээ. 

Улмаар Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийж, "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмыг хэлэлцэж, тогтоолд зарим өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсөвт дарамт учруулж, хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Ийм зүйл байхгүй. Мөн ирэх сараас цалин тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээллүүд үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Цалин тэтгэвэр, урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа, цаашид ч асуудал гарахгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

Ямартай ч Засгийн газар, сангийн сайдын мэдээллээс үзэхэд  улс орны эдийн засаг хэвийн байгаа аж. Гэвч учир мэдэх эдийн засагч, шинжээчдийн үзэж буйгаар манай улсын нийгэм эдийн засгийн байдал туйлын хүнд байгаа.  Улсын төсвийн алдагдал 800 тэрбум давж, зайлшгүй тодотгол хийх шаардлагатай үед дахин төсөвт дарамт учруулж иргэдэд бэлэн мөнгө тараах нь улам хүндрүүлэхээс хэтрэхгүй гэдгийг эдийн засагч байтугай энгийн иргэн ч уг нь ойлгохоор байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus